“Алтан дүрмийн эзэн” шагналтнууд тодорлоо

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-03-06 16:43:22

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээний шилдэг сэтгүүлчид олгодог ур чадварын дээд шагнал болох “Алтан дүрмийн эзэн” цол тэмдгээр энэ жил “25-р суваг” телевизийн Мэдээллийн албаны сэтгүүлч Г.Мөнхтуул, мэдээллийн “Itoim” цахим хуудасны сэтгүүлч Г.Улсболд, гэрэл зурагчин Б.Бямба-Очир нарыг шагналаа.

Монгол улсад хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөний 104 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, Орлогч дарга Ш.Батболд, Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр нар дээрх нэр хүндтэй шагналаар сэтгүүлчдийн энгэрийг мялаасан юм. Монголын мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг мэдээний шилдэг сэтгүүлчийг урамшуулах эл шагналыг МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд өнгөрөгч онд санаачлан бий болгосон  билээ. “Алтан дүрмийн эзэн” шагнал нь сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгодгоороо онцлогтой бөгөөд Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз-радио, сонин-сэтгүүл, мэдээллийн сайт гэсэн гурван төрлөөс жил бүр шалгаруулан шагнаж байхаар тогтсон юм.

Холбоотой мэдээ