Колумбыг ирэхээс өмнө амьдарч байсан уугуул иргэд Амазоны ширэнгэн ойг бий болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-03-03 15:16:09

АМСТЕРДАМ./BBC/. Европын колончлогчид ирэхээс өмнө Амазон мөрний ай саваар амьдарч байсан уугуул иргэд асар их хэмжээний мод тарьж байсныг судалгаагаар тогтоожээ.

Тэд одоогийн Амазоны ширэнгэн ой бий болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Судлаачдын тогтоосноор, хоол хүнс болон барилгын материал болгон ашигладаг модод эртний суурингийн ойр орчимд элбэг байжээ.

“Тэгэхээр Амазоны ширэнгэн ой нь бидний боддог шиг тийм ч онгон газар биш юм” гэж Нидерландын доктор Ханс тер Стийг дүгнэн хэллээ.

Болц гүйцсэн ойд бразил самар, хушны самар, акай жимс ургадаг 85 төрлийн ургамал нь зэрлэг ургамлуудыг бодвол тав дахин илүү хэмжээтэй байжээ. Эрдэмтэд археологийн зураглал ашиглан Амазон мөрний ай савын 1000 гаруй байршилд моддын бүтцийн мэдээлэлд судалгаа хийснээр ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Өмнө нь 2013 онд Нидерландын Лейден хотын биологийн төрөл зүйлийн төвийн доктор Ханс тер Стийг-ээр ахлуулсан судлаачдын баг Амазоны ширэнгэн ойд тоотой хэдэн модны төрөл давамгайлж байсныг тогтоож байжээ. Уг судалгаагаар, ой модны тал хувь нь 227 төрөлд хамаарч байв. Амазоны бүс нутагт Европын колончлолын эхлэл буюу Кристофор Колумб 1492 онд ирэхээс өмнө ойролцоогоор 8-10 сая хүн оршин суудаг байсан аж. Сая сая уугуул иргэд европчуудтай хийсэн мөргөлдөөн, салхин цэцэг, тэмбүү зэргийн улмаас амиа алдсан байна. Гэхдээ уугуул иргэд өөрсдийн мөрийг Амазоны ойд үлдээж чаджээ.

“Өнгөрсөн үед амьдарч байсан хүмүүс ухамсартай болон ухамсаргүйгээр өөрсдийн хот суурин болон аяллын зам харгуйн ойр орчмын ургамлыг өөрчлөхөд томоохон үүрэг гүйцэтгэж байжээ” гэж Бразилын Амазон судлалын үндэсний хүрээлэн, Нидерландын Вагенингений их сургууль болон судалгааны төвийн судлаач Каролина Левис дүгнэн хэллээ.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ