Боливийг гутаан доромжилсон видео тоглоомтой холбогдуулан Францын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-03-02 17:01:59

БУЭНОС-АЙРЕС./TASS/. Францын "Ubisoft" компанийн бүтээсэн видео тоглоомтой холбогдуулан Боливи улсын эрх баригчид тус улсад суугаа Францын элчин сайдыг дуудан ирүүлж, түүнд эсэргүүцэл илэрхийлсэн байна. Энэ тоглоомд Боливи улсад засгийн эрхийг хар тамхины наймаачид булаан авч буйг харуулдаг аж.

Боливийн Дотоод хэргийн сайд Карлос Ромеро мэдэгдэхдээ “Францын дээрх хувийн компанид илгээх захидлыг Францын элчин сайдад өгсөн” гэлээ. Сайд цааш нь хэлэхдээ “Францын техникийн тусламжтайгаар манай улс хар тамхины наймаатай тэмцэж буй энэ үед бидний хүчин чармайлтыг чухамдаа Францын компани ингэж үгүйсгэж байгаа нь тун хачирхалтай хэрэг” гэж мэдэгдсэн байна.

Боливийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн энэ видео тоглоом нь Tom Clancy's Ghost Recon: Wildlands гэдэг нэртэй бөгөөд 3 дугаар сард худалдаанд гарах аж. Энэ тоглоомд Боливи нь кокаин үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том улс болж байгааг дүрслэн үзүүлж, хар тамхины Санта Бланкийн мафийнхан тус улсын засгийн газрыг өөрсдийн эрхэнд оруулснаар орон даяар хууль ёсыг уландаа гишгэж байгаа тухай өгүүлдэг байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ