Баатар, гавъяатуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-25 20:36:56

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар алд цэнхэр хадаг өргөн барьж хүндэтгэл үзүүллээ.

Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч буй Хөдөлмөрийн баатар, Гавьяатууддаа сар шинийн босгон дээр хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу энэхүү арга хэмжээ явагдсан юм. 55 жилийн түүхтэй Дархан хотод улс орон, аймаг хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан хөдөлмөр зүтгэлээрээ төрийн дээд шагналуудыг хүртэж төр, түмэндээ хүндлэгдсэн “Монгол улсын хөдөлмөрийн баатар” 11, гавьяат цолтон 37 хүн уг хүндэтгэлийн ёслолд хүрэлцэж ирлээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын шагналын буухиа тасралтгүй үргэлжилсээр 2016 онд Монгол улсын “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор Дархан сумын иргэн М.Хунлиуз, “Гавьяат барилгачин” цолоор Дархан сумын 16 дугаар багийн иргэн М.Мөнхбат нар энгэрээ мялаасан бол тахиа жилийн босгон дээр “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-ийн Ерөнхий инженер Г.Туяахүү “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор энгэрээ мялаасныг аймгийн Засаг дарга С.Насанбат баяртайгаар уламжлав. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат: “Харьж буй гал мичин жилд Дарханчууд үндэсний баялаг болох буянт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж будаа тариа, жимс ногооны арвин ургац хурааж үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн шинэ шинэ аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж бүтээн босгож барьж байгуулсан өрнүүн их амжилтыг үзүүллээ. Тухайлбал: Хаврын тэргүүн сарын босгон дээр “Улсын аварга малчин”-аар Хонгор сумын Зулзага багийн малчин М.Уайхан, Дархан сумын Малчин багийн малчин Б.Хаянхярваа, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Хонгор сумын "Өглөгчийн хэрэм" ХХК, “Улсын аварга тариаланч”-аар Орхон сумын иргэн Б.Жаргалсайхан нар шалгарсан амжилттайгаар айлчлан ирж буй алтан унжлагат хэмээх гал тахиа жилээ угтаж байна. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.

                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ