“Найрын харваа”-нд 50 гаруй харваач оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-20 00:00:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Дархан Хараа” мөсөн шагайн холбооноос эрхлэн зохион байгуулсан “Найрын харваа” тэмцээн Хараа голын мөсөн дээр болж өндөрлөв.

Аймгийн” Мөсөн Шагайн холбоо” энэ жилийн харвааг ШУТИС-ийн Дархан Технологийн сургуультай хамтран зохион байгуулснаараа онцлог. Мөсөн шагайн харваанд 50 гаруй мэргэн харваачид оролцсоноос Дархан сумын харваач Л.Мөнхбат, М.Сэнгэравдан нар 19 оноогоор тэргүүн байр эзлэв. Дэд байрт харваач Б.Очиржамцан, Г.Мягмарсүрэн нар 18-н оноогоор, Б.Алтанзолбоо, Б.Сүхбаатар нар 17-н оноогоор удаах байрын эзэн боллоо.

Мөн үеэр Б.Очиржамцан, Н.Эрдэнэцогт, Т.Дансран, Б.Лхагважаргал нар мөсөн шагайн “Аймгийн мэргэн харваач” цол хүртэж энгэрийн тэмдэг гардлаа.

Мөсөн Шагайн аймгийн мэргэн Т.Дансран: “Үндэсний спортын наадгайг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсөн шагайн тэмцээн жилээс жилд улам бүр өрсөлдөөнтэй болдог болсон. Харваачдын тоо ч өсөн нэмэгдэж ялангуяа залуу харваачид нэмэгдэж байгаад сэтгэл өндөр байна. Харваа маань өвлийн тэс хүйтэнд  мөсөн дээр болдог болохоор агаар нь цэвэрхэн, өрсөлдөөн бүхний нүдэн дээр ил учир ямар нэгэн маргаан гардаггүй онцлогтой бас их хор шар хөдөлгөсөн наадгай юм даа” гэв.

                                                                                                                                                   Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ