Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-19 23:55:48

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ням гарагт Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Хустайн даваа”-нд хүрэлцэн ирэхэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат нар угтан авч аймаг орон нутгийн цаг үеийн ажил хэрхэн явагдаж байгаа талаар болон өвөлжилтийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж аймгийн нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлд автаж цагаан зудтай байгаа ч хүндрэл багатай өвлийг даван туулж байна гэв.

Ерөнхий сайдын хамт УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон МҮОНРТ-ийн ММ агентлаг, ТВ-9, ТВ-25 зэрэг төвийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурвалжлагчид ажиллав. Дараа нь “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК-д очиж улсын аварга тариаланч хамт олны өргөмжлөл шагналыг нь гардууллаа.

Мөн үеэр Хонгор сумын Засаг дарга н.Атархишиг: “Тус компани нь сүүлийн гурван жилд 680-1000 га-д тариалалт хийж 269,5-1655,9 тонн ургац хурааж нэгжээс дундажаар 16-24,7 цн ургац хураасан. Хөрсийг элэгдлээс хамгаалж шим тэжээлийг нь нэмэгдүүлэн уринш боловсруулалт, үрийн чанарыг сайжруулах чиглэлээр эрдэм шинжилгээний болон мэргэжлийн, төслийн байгууллагуудтай байнга хамтарч ажилладаг. Мөн ХААИС-ийн Инженерийн сургуультай хамтран ажиллаж оюутнуудыг урт, богинын дадлагыг өөрийн аж ахуйн нэгждээ хийлгэж орчин үеийн дэвшилтэт технологийг сургахад хувь нэмэр оруулан ажиллаж байгаа газар тариалангийн томоохон аж ахуйн нэгжийн нэг юм” гэж танилцуулав.

Дараа нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй ажлын хэсэг Орхон сумаас “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан Б.Жаргалсайханыд ирж улсын аваргын батламж, шагналыг гардуулав.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Дархан-Уул аймгийн Орхон сум бол Монгол улсад хүнсний ногоо тариалалтаараа үлгэр жишээ болсон сум. Сум болгон танайх шиг хүнсний ногоо тариалдаг болох ёстой. Ийм л ажилсаг газар нутгийнхаа үр шимийг хүртэж чаддаг, газар тариалангаа эрхэлж туршлагажсан, сумаараа тариаланч болсон газраас улсын аварга төрөх нь аргагүй. Жил бүр улсын аварга төрүүлдэг ийм сумаараа, тариаланчдаараа бахархаж байна” гэв. Б.Жаргалсайхан нь 1991 оноос газар тариалангийн салбарт ажиллаж  бага газраас их ургац авах зорилго тавьж хөрсийг жил болгон бууцан бордоогоор бордож хөрсний үржил шимийг сайжруулж сүүлийн жилүүдэд га тутмаас тогтмол 250-368 цн ургац хурааж авчээ. Тэрбээр амьжиргааны баталгаажих төвшин доогуур орлоготой хоёр, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг байнгын ажлын байраар хангаж туслалцаа  дэмжлэг үзүүлсэн бол жил бүр ургац хураалтын явцад 40 иргэнийг түр ажлын байраар хангаж газрын татвар, шимтгэл, мал бүхий иргэний орлогын албан татварыг хугацаанд нь тушааж сумын орлогод хувь нэмрээ оруулж ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын баг тэндээс Сэлэнгэ аймгийг зорилоо.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ