Шинжилгээний үнээ хямдрууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:07:45

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын мэс засалч их эмч А.Ахжархын эзэнтэй «Нурлы» хувийн эмнэлэг өвчтөнүүдэд зориулж шинжилгээ хийх хямдрал зарлалаа.

Тус эмнэлэг үүсч байгуулагдсаныхаа найман жилийн ойг тохиолдуулан 10 дугаар сарын 19-өөс эхлэн долоо хоног аливаа шинжилгээний тарифыг тавин хувиар хямдруулсанаа мэдэгдэв.

-Манай эмнэлэг албан ёсоор магадлан итгэмжлэгдсэн. Мэдрэл, уламжлалт эмчилгээг голлодог бөгөөд цусны даралт, харвалт, үе мөч, элэг бөөр, ядаргаа зэрэг өвчин эмгэгийг сайн эмчлэн эдгээдэг. Зүү төнүүр, парафин, физик, бариа засал, эмийн болон эмийн бус эмчилгээний аргуудыг хослон хэрэглэдэг. Архинд донтох өвчнийг ч анагаана. Оношлогоо, шинжилгээний олон төрлийн шинэ тоног төхөөрөмжийг Герман Улсаас саявтархан оруулж ирсэн. Үйлчилгээ хөнгөн шуурхай. Цусны шинжилгээ гэхэд хоёрхон минутанд гаргана. Хорт хавдар, ангин зэрэг өвчнийг өмнө нь Улаанбаатарт очиж шинжлүүлэн чирэгддэг байсан бол бид энд төвөггүй хийж байна. Хоёр давхар байр мань тав тухтай. Төв эрчим хүч, халаалтын болон цэвэр, бохир усны шугаманд холбогдсон, хэвтэж эмчлүүлэхэд таатай. Таван их эмч, зургаан сувилагч, бусад ажиллагсад сайн үйлчилдэг гэж их эмч Р.Аягөз ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ