Биржийн луйварчинд 1.6 тэрбум долларын торгууль ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-02-14 16:53:11

ХОНКОНГ. /TASS/. Хятадын иргэн Сюй Сян 5,5 жилийн хорих ялаар шийтгүүлсний дээр 11 тэрбум юанийн /1,6 тэрбум ам.доллар/ торгууль төлөхөөр болжээ.

“Саут Чайна морнинг пост” сонинд өнөөдөр мэдээлснээр, Хятадын шүүх “хеж сангуудын хаан"-ыг инсайдерын худалдаа, хөрөнгийн зах зээлд луйвар хийсэн гэж буруутгажээ.

Энэ хэргийн шүүх хурал Шаньдун мужийн Циндао хотод болсон байна. Ийм их хэмжээний торгууль ногдуулж байсан тохиолдол тус улсын түүхэнд урьд нь гарч байгаагүй юм.

Өдгөө 39 настай Сюй бол Шанхайд бүртгэлтэй Zexi Investment хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулагч бөгөөд түүнийг 2015 оны 11 дүгээр сард баривчилжээ. Шүүхээс Сюй болон түүний хоёр хамсаатны хууль бусаар олсон 9,3 тэрбум юаниар үнэлэгдэх хэмжээний эд хөрөнгө, активыг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, хөрөнгийн зах зээл дээр ихээр гарах болсон луйвартай тэмцэх кампанит ажил Хятад улсад ид өрнөж байгаа бөгөөд түүний зорилго нь “санхүүгийн матрууд” гэгдэх болсон шударга бус трейдер-инсайдеруудыг илрүүлэх явдал ажээ.

“Сюй Сяныг шийтгэсэн явдал нь Бээжингийн зүгээс санхүүгийн салбарын хууль зөрчигчдийг нийгэмд ямар байр суурьтайгаас нь үл хамааран хатуу шийтгэх болно гэсэн томоохон дохио сануулга боллоо” гэж Хятадын нэгэн бизнесийн сургуулийн профессор Оливер Жуй дүгнэжээ. “Хятадын хөрөнгийн зах зээл бол казинотой адил аюултай зүйл байсан, харин одоо Хятадын удирдлага, зохицуулагч байгууллагууд санхүүгийн аливаа зөрчлийг үндсээр нь устгахаар шийдсэн нь үүнээс харагдаж байна” гэж шинжээч ярилаа.

О.Барс

 

Холбоотой мэдээ