Шинэ Зеландын эрэгт хэдэн зуун халим шидэгдэн гарч иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВЕЛЛИНГТОН. /channelnewsasia/. Шинэ Зеландын далайн эрэгт 400 гаруй халим шидэгдэн гарч ирсэн байна. Тэдгээрийн ихэнх нь үхсэн байсан бөгөөд амьд үлдсэнүүдийг нь сайн дурынхан далайд буцаан оруулж байна гэж тус улсын Байгаль орчныг хамгаалах газар мэдэгдлээ.
Шинэ Зеландын Өмнөд арлын Голден-Бэй мужийн Фэйрвэлл Спит гэдэг газрын далайн эрэгт шөнө дунд 416 халим шидэгдсэн байжээ.
Энэ бол Шинэ Зеландын эрэгт хамгийн олон халим шидэгдсэн тохиолдлуудын нэг гэж Байгаль орчныг хамгаалах газрын Бүс нутаг хариуцсан захирал Эндрю Ламасон хэллээ.
Мөн тэрбээр “гүехэн устай хэсэгт олон халимны сэг зэм байгаа нь амьд халимнуудыг далайд буцаан оруулахад саад болж байна. Усанд буцаан оруулсан халимнууд дахин эрэгт гарч ирэхээс сэргийлэх үүднээс сайн дурынхан "гинжин хэлжээ" үүсгэн зогссон. Усандаа орсон халимнууд урсгал даган цаашаа сэлнэ гэж найдаж байна” гэв.
Нэгэнт эрэгт шидэгдэн гарч ирсэн халимнууд сүргээсээ тасран эрэгт дахин гарч ирэх гээд байдаг талтай гэж албаны хүн хэллээ.
Фэйрвэлл Спит нь жуулчдын хот болох Нельсоноос баруун зүгт 150 км-ийн зайд оршдог. Сүүлийн 10 жилийн хугацаанд халимнууд олноороо эрэг рүү шидэгдэн гарч ирсэн ес дэх тохиолдол нь энэ ажээ. Халимнууд чухам ямар шалтгааны улмаас эрэг рүү шидэгдсэн нь тодорхойгүй байгаа боловч ойр орчмын газар зүйн байдалтай холбоотой байж магадгүй гэж үзэж байна.
Б.Мишээл