Сирийн шоронд 13 мянган хүнийг нууцаар цаазалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-07 13:52:48

ДАМАСК. /Xinhua/. Сирийн эрх баригчид нийслэл Дамаск хотоос холгүй орших цэргийн шоронд хэдэн мянган хоригдлыг дүүжлэн цаазаар авч, эрүү шүүлт тулгах ажиллагаа явуулсан гэж хүний эрхийг хамгаалагч “Эмнести Интернэшнл” ТББ-аас  өнөөдөр гаргасан тайланд дурджээ.

Тус байгууллагын мэдэгдсэнээр, сөрөг хүчнийг дэмжигч энгийн номхон иргэд голдуу 13 мянган хүнийг нууцаар цаазалсан байна.

2011 оны есдүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд “Седная” шоронд долоо хоног бүр олон хүнийг цаазаар авдаг байжээ. Дайны гэмт хэрэгтэй дүйцэхүйц энэ харгис ажиллагаагаа Сирийн Засгийн газар өнөө хэр нь явуулсаар байж болзошгүй гэж тус байгууллага мэдэгдээд, мөрдөн шалгалт явуулахыг НҮБ-д уриаллаа.

2011 онд иргэний дайн эхэлснээс хойш хүмүүсийг олноор нь эрүүдэн шүүж, цаазаар авч байна гэж өмнө нь хүний эрхийг хамгаалагчид нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Харин Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын засаг захиргаа үүнийг үгүйсгэн няцаасаар ирсэн билээ.

Сирийн эрх баригчид Дамаскаас хойд зүгт холгүй орших “Седная” цэргийн шоронд долоо хоногт дунджаар 20-50 хүнийг дүүжлэн хороодог байсан гэж “Эмнести” мэдэгдэв. Ар гэрийнхэнд нь хэл өгч, мэдэгдэлгүйгээр хүмүүсийг нууцаар цаазалж, цогцсуудыг нь нийслэл хотын ойролцоо бөөнөөр нь булдаг байсан аж.

Нүдээр харсан 84 гэрч, тэдний дотор шоронгийн хуяг, албаны хүмүүс, хоригдол, шүүгч, хуульчдаас авсан ярилцлагад тулгуурлан “Эмнести Интернэшнл” дээрх тайлан мэдээг гаргажээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ