Архангай аймгийн есөн гайхамшгийг батламжиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид аймгийнхаа байгаль, түүх соёлын гайхамшигт газруудыг батламжиллаа. Тэргүүлэгчдийн 76 тоот тогтоолоор Архангай аймгийн байгалийн ес, түүх соёлын есөн гайхамшгийг нэрлэсэн байна.
а/ Байгалийн есөн гайхамшиг:
Хорго, Тэрхийн цагаан нуур /Тариат сум/
Тайхар чулуу, түүний домогтой холбогдох хойд Тамирын хөндийн газрууд /Ихтамир сум/
Суварга хайрхан, Хошготын хүрхрээ /Цэнхэр сум/
Чулуут голын хавцал, Суман Чулуут голын бэлчир /Өндөр-Улаан, Тариат сум/
Булган уул /Эрдэнэбулган сум/
Ноён, Хатан хангай, Дашдагва уулс /Хангай сум/
Хөх нуур /Ихтамир сум/
Өгийнуур /Өгийнуур сум/
Бух чулуу, гурван голын бэлчир /Цэцэрлэг сум/
б/ Түүх, соёлын есөн гайхамшиг:
Хөшөө цайдам /Хашаат сум/
Заяын хүрээний цогцолбор /Эрдэнэбулган сум/
Чулуут голын хадны сүг зураг /Тариат, Өндөр-Улаан, Жаргалант сум/
Хүнүйн голын хөндий дэх хүннүгийн дурсгалууд /Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан сум/
Балгасан тал дахь Хүннүгийн цогцолбор, Бичигт хангай /Өндөр-Улаан сум/
Хотонт сумын нутаг дахь дурсгалт газрууд /Уйгарын Хар балгас, Дойтын балгас, Ану хатны бунхан/
Хар хул хааны балгас, холбогдох домогт газрууд /Эрдэнэмандал сум/
Гэсэр ламын бунхан /Цахир сум/
Мухар хужиртын дурсгалт газрууд /Цэцэрлэг сум/
“Архангайн амьдрал” сонин аймгийн Багш эцэг эхчүүдийн нийгэмлэгийн тэргүүн, ахмад багш М.Шагдарсүрэнгийн санаачилгыг дэмжин хамтран ажиллаж, Архангайн есөн гайхамшгийг 2013 онд тодруулжээ. Ингэхдээ ард иргэдийн дунд санал асуулга явуулж, гайхамшгуудыг тодруулан, аймгийн Засаг даргад уламжилсан ч, хурлын шийдвэр гаралгүй дөрвөн жил хүлээгдсэн юм.
"Гайхамшигт газруудыг зарлаад орхих биш, харьяалж байгаа сумдад батламж хүлээлгэн өгч, хамгаалах хариуцлагыг оноох нь зүйтэй. Мөн аймаг, суманд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эдгээр гайхамшигт газруудыг түшиглэсэн бодитой ажлыг хийх үүрэг ч оногдоно. Цаашилбал хүүхэд, залуучуудад таниулах ажлууд ч хүлээгдэж байна" гэж есөн гайхамшгийг санаачлагчид үзэж байгаа юм.
О.Амарзаяа