Украины зүүн нутагт болсон тулалдааны үеэр 7 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-01 09:33:22

КИЕВ. /Xinhua/. Украины зүүн нутгийн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид засгийн газрын цэргүүдийн хяналтад байдаг нэгэн хот руу довтолжээ. Довтолгооны үеэр долоон хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Донецк мужийн Авдеевка хотод байрлаж буй засгийн газрын цэргүүд рүү даваа болон мягмар гарагт салан тусгаарлагчид танкаар довтолж, их буугаар галлажээ.

Энэ үеэр хоёр талын аль алиных нь цэргүүд амь үрэгдсэн байна.

Авдеевка хотын албаны хүмүүс хэлэхдээ “халдлагын үеэр цахилгаан дамжуулах шугам сүлжээ гэмтэж тасарсан. Оршин суугчид тэсгим хүйтэнд гэр орноо дулаацуулах халуун усгүй байна” гэв.

Тус хотын оршин суугчдын 50 хувийг буюу 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна гэж албаны хүмүүс хэллээ.

2015 оны хоёрдугаар сард Украины Засгийн газар болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Гэсэн хэдий ч Украины нутгийн зүүн хэсэгт байлдааны ажиллагаа үе үе болсоор байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш тус бүс нутагт сөргөлдөгч талууд анх удаагаа байлдсан нь энэ юм.

Д.Трамп ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэх бодолтой байгааг салан тусгаарлагчид ашиглаж байна гэж Украины ажиглагчид үзэж байна.

Өмнөх Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын талаар хатуу байр суурьтай байсан юм. Тэрбээр Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ