Ф.Фийон эхнэрээ туслахаараа ажиллуулж байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-31 16:28:51

ПАРИС. /ВВС/. Хуурамч албан тушаал бий болгон эхнэрээ цалинжуулж байсан гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Франсуа Фийон болон түүний эхнэр Пенелопа нарыг цагдаа нар байцаажээ.

“Үнэн"-ийг олж тогтооход туслах мэдээллийг бид тэдэнд өгсөн гэж ноён Фийон хэлэв.

Нөхөр нь парламентын гишүүн байх үед Пенелопа туслахаар нь ажиллах хугацаандаа 500 мянган еврогийн цалин авсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Францын мөрдөн байцаагчид өнгөрсөн долоо хоногоос тэднийг шалгаж эхэлсэн байна.

“Le Canard Enchaine” сонинд бичсэнээр, Пенелопа 1998-2012 онд нөхрийнхөө туслахаар ажиллаж байжээ.

Харин Бүгд Найрамдах намаас дэвшигч барууны төвч үзэлт Фийон болон түүний Уэлс гаралтай эхнэр “бид ямар ч буруу юм хийгээгүй” гэж мэдэгдсээр байгаа аж.

Фийон хэлэхдээ “Пенелопагийн хийсэн ажлыг нотлох баримтуудыг бид цагдаа нарт өгсөн” гэжээ.

Өдгөө 62 настай Фийон энэ оны дөрөвдүгээр сард болох Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөртэй хүмүүсийн нэг юм.

Түүний гол өрсөлдөгчид бол хэт барууны үзэлтнүүдийн Үндэсний фронт намаас нэр дэвшигч Марин Ле Пен, зүүний төвч үзэлт Эммануэль Макрон нар билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ