Хүнсний эрхийн бичгээр 8421 иргэн үйлчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-26 18:41:20

Увс аймгийн Улаангом сумын хэмжээнд 21 дэлгүүр хүнсний эрхийн бичгээр үйлчлэх эрх авсан байна. Одоогоор Увс аймгийн хэмжээнд 8421 иргэн энэхүү хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичиг олгодог байна. Ингэхдээ хүүхдэд сар бүр 6500, том хүнд 13000 төгрөгт багтаан гэрээт дэлгүүрээс 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн сонгон авахыг зөвшөөрчээ.

Энэ онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрүүдийг сонгохдоо хамгийн хямд үнийн санал ирүүлсэн болон бараа бүтээгдэхүүний чанар сайтайг нь шилж авчээ. Нийтдээ 39 дэлгүүр үнийн санал ирүүлсэнээс ийнхүү Улаангомын хэмжээнд 21 дэлгүүр сонгогдоод байна. Нэгдүгээр багт “Чандмань”, “Цагаан хөшөө”, “Хүрт”, 2-р багт “Дэлгэрэх”, 3-р багт “Сансар”, 4-р багт “Баруун зам”, Үүрэг нуур”, “Чандмань-Эрдэнэ”, 5-р багт “Баян Орлого”, “Мөрөн”, 6-р багт “Хүрэн өндөр”, 7-р багт “Гурван тэрмис”, “Тэнгис”, 8-р багт “Тэс арвижих”, 9-р багт “Болор”, 10-р багт “Баянцагаан”, “Цас тогтох”, 11-р багт “Туулай халиун”, “Хорин айл”, 12-р багт “Мөнх булаг” хүнсний дэлгүүр тус тус хүнсний эрхийн бичгээр үйлчлэх юм байна. Багуудад сонгогдсон дэлгүүрийн тоо 1-3 хүртэл байгаа нь тухайн багт хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлэх хүн амын тооноос хамаарсан аж. Ирэх 3-р сарын 10-аас өмнө хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлэх иргэдийн шинэчилсэн судалгааг хийж, нэмж хамрагдах иргэдийг оруулах юм байна.

Энэхүү эрхийн бичгээр гурил, мах, сүү, ногоо, цагаан будаа зэрэг 10 нэрийн бүтээгдэхүүн авах боломжтой байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ