Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-25 13:20:42

СӨҮЛ. /KoreaTimes/. Улс төрийн дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа түдгэлзэхэд хүрсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар дүрсэлсэн шог зураг маргаан дагууллаа.

БНСУ-ын парламентын ордны танхимд нээгдсэн үзэсгэлэнд уг зургийг тавьсан байна. Үзэсгэлэнг тус улсын хамгийн том сөрөг хүчний гишүүн Пё Чан Вон зохион байгуулжээ.

Ийм зургийг үзэсгэлэнд тавьсныг эмэгтэй хууль тогтоогчид эсэргүүцсэнээр Үндэсний Ассамблейн тамгын газар мягмар гарагт үзэсгэлэнг хаасан байна.

Пё Чан Воныг намынх нь нөхөд ч буруушааж, түүнийг намын ёс зүйн хороогоор оруулж, сахилгын арга хэмжээ авахаа мэдэгджээ. Харин гишүүн Пё тайлбарлахдаа “энэ зураг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаараас даваагүй” гэжээ.

“Удахгүй, баяртай” гэдэг нэртэй уг үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улсын парламентын ордны коридорт нээгдсэн аж.

Пак Гын Хэг дүрсэлсэн “Бохир нойр” нэртэй зургийн тайлбар хэсэгт “2014 оны 4 дүгээр сарын 16 буюу “Севол” гатлага онгоц живдэг өдөр Пак Гын Хэ гоо сайхны хагалгаанд орохын тулд нойрсуулдаг тариа хийлгэснийхээ дараа унтаж байгаа нь” гэж бичжээ. Мөн энэ зургийн тайлбарт бичсэнээр, сурагчид голдуу 300 орчим хүний аминд хүрсэн уг осол болдог өдөр Ерөнхийлөгч Пак  долоон цагийн турш хэл чимээгүй байсан аж.

XIX зууны үеийн алдарт уран зураач Эдуард Манегийн “Олимпия” болон Италийн уран зураач Жоржонегийн “Нойрсч буй Венера” гэдэг алдартай хоёр уран зургаас санаа аван “Бохир нойр” гэдэг зургийг зураач И Кун Ён зуржээ.

Пак Гын Хэг хатуу шүүмжилдэг учраас Өмнөд Солонгосын засгийн газрын хар дансанд орсон 20 орчим уран бүтээлч дээрх үзэсгэлэнг хамтран гаргасан гэнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ