Д.Трамп Мексик, Канадын удирдагчидтай утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2017-01-23 09:09:02

ВАШИНГТОН . /VOA/. Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээрийн /ХАЧХХ/ гишүүн улсууд болох Канад болон Мексикийн удирдагчидтай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярьжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп бямба гарагт Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой АНУ-Канадын харилцааны асуудлаар ярилцсан” гэв.

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньетотой мөн өдөр Д.Трамп утсаар ярьжээ. Хоёр орны удирдагчид энэ сарын 31-нд уулзаж, худалдаа болон цагаачлалын асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.

ХАЧХХ-ийг дахин авч хэлэлцэх бодолтой байгаагаа Д.Трамп өмнө нь нэг бус удаа илэрхийлж байсан юм. Мөн Мексиктэй залгаа хилийн дагуу хана барина гэж тэрбээр мэдэгдэж байсан билээ.

Д.Трампын хувьд ерөнхийлөгчийн хувиар хамгийн түрүүнд нүүр тулж уулзах гадаад орны удирдагч нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй байх нь ээ. Тэд энэ долоо хоногийн сүүлчээр Вашингтон хотноо уулзах ажээ.

Их Британи Европын Холбооноос гарахаар зэхэж байгаатай холбоотойгоор АНУ-тай худалдааны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Т.Мэй эрмэлзэж байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ