Аж үйлдвэрийн салбарыг газарзүйн байрлалаар хөгжүүлэх ёстой гэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2015-10-16 18:48:27

“Монголд үйлдвэрлэв-Аж үйлдвэрийн чуулган"-ы төлөөлөгчид тус салбарын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо газарзүйн байрлалаар хөгжүүлэх ёстой хэмээн тодотгож байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс Хятад улсаас бусад эдийн засгийн идэвхитэй харилцаатай ОХУ, Япон, БНСУ, АНУ, ХБНГУ, Франц, Канад зэрэг улс буюу худалдаа хийдэг нийт улсын 90 хувьтай  алдагдалтай худалдаа хийж буйг салбарын сайд онцоллоо. Өөрөөр хэлбэл, манай худалдааны бүтэц энэ хэмжээгээр өрөөсгөл бөгөөд зардалтай гэсэн үг аж.

Манай аж үйлдвэрийн салбарын боловсруулах үйлдвэрлэлд дунд өндөр технологи дөнгөж 5.3 хувийг эзэлдэг байна. Энэ тоон үзүүлэлт ОХУ-аас 4 дахин, БНХАУ-аас 8 дахин доогуур үзүүлэлт гэнэ. Дэлхийн эдийн засгийн эерэг шалгуур үзүүлэлтээр боловсруулах үйлдвэрлэлийн  ДНБ-д эзлэх хувь 20  хувь байдаг бол манай улсынх 8-9  хувьтай байна.

 Аж үйлдвэрийн салбарын тухай төлөөлөгчид ийнхүү ярилаа.

 Аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд Мэргэжлийн холбоодоо дэмжих ёстой

 “Жайка”-гийн Хувийн хэвшил хөгжүүлэх салбарын зөвлөх Гаку Фунабаши:

- Монголын аж үйлдвэрийнг салбарыг ярихын өмнө Японы жишээг дурдъя. Японд 1950-1960 онд аж үйлдвэржилтийн бодлого төгс сайн байгаагүй.Тухайн үед  Японы Засгийн газраас ЖДҮ-үүдэд боломж олгох бодлого барьсан. Тодруулбал автомашины үйлдвэрлэлийг гол салбар гэж үзэн  сэлбэгийн  жижиг дунд үйлдвэрүүдэд  санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Ингэснээр ЖДҮ-үүд өргөжин том компани болтлоо өссөн.  Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн салбарын хөгжүүлэх шинэ хууль гаргасан нь чухал ач холбогдолтой. Улмаар энэ салбарыг дэмжихэд хөрөнгө оруулалтын сан байгуулах нь чухал. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Мэргэжлийн холбоодоо дэмжих ёстой. ЖДҮ эрхлэгчид нэгдэн мэргэжлийн холбоодоор дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.

 Усны  асуудалд хамтран ажиллах сонирхолтой  байгаа

 “Дэлхийн банк”-ны Ахлах дэд бүтцийн шинжээч Хаири Ал-Жамал:

-Хүн бүр амьдралаа сайжруулахыг хүсдэг. Тэгвэл аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд нарийн дүн шинжилгээ хийх шаардлагатай.  Түүхий эдийг олборлохоос эхлээд чанартай боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд  хүний нөөцийн  чадавхийг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай болгох гээд  цогц байдлаар төлөвлөж ажиллах ёстой. Аливаа боломжийг ашиглахын тулд олон талаас нь асуудалд хандах хэрэгтэй.  Хөрөнгө оруулагчид Монгол Улсад дуртайдаа бус хаана хаана ашигтай хэлбэрээр ажиллая гэсэн үүднээс орж ирж байгааг бодолцох нь зүйтэй. Ашиг  сонирхол нь тэгш байж үр өгөөжөө өгнө. Монгол Улс түүхий эдийг  гүн боловсруулалтын түвшинд хүргэх ёстой. Ингэж байж хөгжинө. Мөн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхдээ дэд бүтцийг бий болгож байгаль дэлхийд ээлтэй байдлаар ажиллах нь зүйтэй.  Дэлхийн банкнаас Монгол Улсад маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж  ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлж байгаа. Аж үйлдвэрийн салбарт усны хэрэглээ их.  Тиймээс Монгол Улсын Засгийн газартай   усны нөөцийг нэмэгдүүлэхэд  санхүүжилт оруулан хамтран ажиллах сонирхолтой байгаа.Түүнчлэн монголчууд аж үйлдвэрээ хөгжүүлье гэвэл хувийн хэвшлийн оролцоог хангаж, урт хугацаанд хамтран ажиллах ёстой .

 АХБ-наас 2016 онд Монголын ЖДҮ-эрхлэгчдэд  санхүүжилт олгоно

“Азийн Хөгжлийн Банк”-ны  Зүүн Азийн газрын Ахлах байгалийн нөөцийн эдийн засагч  Такэши Үэда

 -Монгол Улсын Засгийн газраас нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, ингэхдээ байгаль орчинд ээлтэй байх бодлого баримталж буй нь сайшаалтай. Монголд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хөрс нь байна.  Уул уурхай, хөдөө аж ахуй, оёмол сүлжмэлийн, арьсан эдлэлийн  хийх гол бааз  бий. Гол нь эцсийн бүтээгдэхүүнийг чанартай болгоход анхаарах нь чухал. Ингэхдээ дээрх чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг дэмжих нь зүйтэй. АХБ-наас 2016 онд Монголын ЖДҮ-эрхлэгчдэд  санхүүжилт олгох баталгаажуулалтыг хийнэ. ЖДҮ-ийг өсгөхөд санхүүжилтээс гадна хугацаа орно. Тиймээс цогцоор нь дэмжлэг үзүүлэх, эцсийн бүтээгдэхүүн бий болгоход анхаарч ажиллах юм.  Тодруулбал дэд бүтцийн асуудлыг шийдэн, арьс боловсруулалтыг хийж,  ус цэвэршүүлэх байгууламж бий болгох, хүний нөөцийг чадавхижуулахад хөрөнгө оруулахаар ярьж байна.

Б.Заяа  

Холбоотой мэдээ