АНУ-ын хөрөнгө оруулалтаар хоёр цэцэрлэг барина

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-01-20 18:27:25

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан АНУ-ын ЭСЯ-нд хамтарч ажиллах хүсэлт гаргасан байна.

Энэ дагуу тус яамны Батлан хамгаалах атташейн албаны Иргэн цэргийн харилцаа эрхэлсэн тэргүүн ахлагч Жошуа Бак, Штабын ахлагч Эрик Отемент нар Увс аймагт ажиллалаа.

Тэд, АНУ-ын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн суудалтай хоёр цэцэрлэг барих ажлын судалгаа хийх, бодит байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Улаангом, Баруунтуруун суманд очжээ. Энэхүү судалгаа Улаанбаатар хот болон Замын-Үүдэд мөн хийгдэж байгаа аж. Аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу алслагдсан бүс нутгуудаас Увсыг сонгон авснаар ийнхүү ажлын эхлэл тавигдаад байна.

Тус албанаас төслөө боловсруулан АНУ-ын Засгийн газарт өргөн барих бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд Улаангом, Баруунтуруун сумдад тус тус 150 хүүхдийн судалтай хүүхдийн цэцэрлэг барих аж. Улаангом сумын 10-р багийн нутаг буюу Улиасны хэвийн бага сургуулийн урд баригдах цэцэрлэгт 10, 12, 9, 6-р багийн цэцэрлэгээс завсардаад байгаа хүүхдүүд суралцаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм байна. Харин Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэг нь анх 1985 онд 90 хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд одоо 14 багш, ажилчидтайгаар цэцэрлэгийн 5 бүлэгт 176 хүүхдийг хамруулан СӨБ олгож байна. Тус цэцэрлэгийн хамран сургах тойргийн хүүхдийн тоо 266 аж.

Увс аймгийн хэмжээнд жил бүр хоёр мянга гаруй хүүхэд цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас болоод сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа юм.

Б.Батхүү
 

Холбоотой мэдээ