“Чингис хаан” дуурийг шинэчилсэн найруулгаар хоёр удаа тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДБЭТ-ын тайзнаа энэ сарын 21, 22-ны өдөр “Чингис хаан” дуурийг тоглох гэж байна. “Чингис хаан” дуурь нь 2003 оноос хойш тус урын сангийн байнгийн бүтээл болж байв. 13 жилийн дараа буюу 2017 онд УДЭТ-ын найруулагч Ч.Найдандоржийн шинэчилсэн найруулгаар дахин мэндэлж байна.
Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх, тоглолтын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү нар ажиллажээ.
Хөгжмийн зохиолч Б.Шарав “Чингис хаан” дуурийг бүтээхдээ Тэмүүжиний бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүр бэрхийг үзсэн ч Өүлэн эхийн сургааль, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаар Монгол Улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан, суут жанжин болж, дэлхийг байлдан дагуулагч, “Мянганы хүн” хэмээн тодорсон Монгол Улсын хаанд өргөмжлөгдөх он хүртэлх Чингисийн амьдрал, хайр сэтгэл, анд нөхөр, тэмцэл тулааны түүхийг өгүүлсэн байдаг.
Тус дуурьт зөвхөн Их эзэн Чингис хааны тухай биш Монголчуудын аж байдал, XIII зуунд хэрхэн аж төрж, тухайн үед ямар зөрчил, тэмцэл болж байсныг ч давхар харуулахыг зорьжээ. Дуурь гэдэг бол өвөрмөц урлаг бөгөөд тайзнаа зөвхөн дуулдаг, ярьдаггүй учраас “Чингис хаан” гэдэг том түүхэн сэдвийг хөндөж дууриар илэрхийлэхэд хэцүү байсан нь мэдээж хэрэг.
ДҮРҮҮДЭД:
- Тэмүүжин - Ч.Энхтайван /СТА/, Э.Бумхүү /СТА/
- Өүлэн эх - Р.Доржхорол /СТА/, М.Дариймаа /СТА/
- Бөртэ Үжин - Ш.Наранчимэг /СТА/, Б.Энхнаран
- Жамуха - Б.Батжаргал, Г.Шижирболд /СТА/
- Ван Хан - О.Хүрэлбаатар /СТА/, С.Бат-Эрдэнэ
- Хасар - Ч.Түмэндэмбэрэл /СТА/, Ч.Түмэндэмбэрэл /СТА/
- Билгүтэй - Л.Бүүвэйбаатар
- Боорчи - С.Бат-Эрдэнэ, Э.Амарсайн
- Сохатай - М.Дариймаа /СТА/, Ц.Цэрэнчунт
- Орбай - Э.Адъяасүрэн, С.Мөнгөнцэцэг /МУГЖ/
- Хадаан - Б.Одонзаяа
- Чирхай - О.Анхбаяр, Т.Одбаяр
- Мэнлиг эцэг - Э.Мөнхтөр
- Сочигэл - М.Толхын
- Эргүүлийн ахлагч - М.Намнанбаатар, А.Наранбаатар
- Эргүүлийн туслах - Г.Тулга
- Эргүүлийн цэрэг - Эрэгтэй найрал дуучид
- Дорой хөвгүүн - Б.Гантөмөр
- Жарчуудай - Б.Мөнхтөр
- Цотон - Б.Эрдэнэтуяа
- Зэв - Ц.Пүрэв
- Зэлмэ - Г.Дашчанрав
- Мэдээч - Д.Энхбилэг
- УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид, симфони найрал хөгжим оролцон тоглоно.
Б.Алтанхуяг