Хятадын Хөлбөмбөгийн холбоо төсвөө анх удаа тайлагналаа

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2017-01-18 13:53:01

БЭЭЖИН./TASS/. Хятадын Хөлбөмбөгийн холбоо төсвийн төслөө анх удаа танилцууллаа. Тус байгууллагын зардал энэ онд 45 хувиар өсч, 670 сая юань буюу 97,6 сая доллар болох ажээ.

Энэ мөнгөний 27 хувийг улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийг чадавхижуулах, хөлбөмбөгчдийн дасгал сургуулилтыг хангахад зарцуулах бол 18 хувийг залуу тамирчдыг сургаж бэлтгэхэд, 10 орчим хувийг эмэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэл сургуулилтад тус тус зарцуулах аж.   

Түүнчлэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, дасгалжуулагчдын мэргэжлийг дээшлүүлэх, хүн амын дунд хөлбөмбөгийн спортыг сурталчлан дэлгэрүүлэх болон аж ахуйн зардалд дээрх мөнгөнөөс зарцуулна. Үүний сацуу Хятадын Хөлбөмбөгийн холбоо өөрийн орлогыг 2 хувиар нэмэгдүүлэн 780 сая юаньд /113 сая доллар/ хүргэх зорилт тавьжээ.

Сүүлийн үед Хятадын клубүүд гадаадын тоглогчдыг өндөр үнээр авсаар байна. Тухайлбал, Хятадын суперлигийн “Зянсу Сайнти” баг Рамиресийг “Челси”-гээс 25 сая еврогоор, “Хэбэй Жунци” баг Жервиньо-г “Рома” клубээс 15 сая еврогоор, “Шанхай Шеньхуа” баг Фредди Гуарин-ыг “Интер”-ээс 10,5 сая еврогоор, “Зянсу Сайнти” баг Алекс Тейшейра-г “Шахтер” клубээс 50 сая еврогоор тус тус авсан байна.

Түүнчлэн “Зенит”-ийн Халк 55,8 сая еврогоор “Шанхай СИПГ” багт, Аксель Витсель “Зенит”-ээс “Тяньжин Цюаньзянь” багт 7 сая еврогоор тус тус очжээ.

Үүний сацуу Хятадын 1 дүгээр лигийн багууд тоглогчдыг шилжүүлэн авахдаа зарцуулсан мөнгөний хэмжээгээр Германы Бундеслиг, Италийн Сери А-гийн багуудтай эн зэрэгцэх боллоо.

Харин сүүлийн үед Хятадын удирдлага “оновчгүй зардал”-аас зайлсхийн, өөрийн оронд өндөр ур чадвартай хөлбөмбөгчдийг бэлтгэх тал дээр илүү анхаарч, легионеруудын тоог цөөлөх бодлого барьж байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ