Австралийн их сургуулийн профессор Сэлэнгийн малчдынхаар зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-17 16:13:38

Австралийн их сургуулийн профессор Хамыш гэргийн хамтаар Улаанбаатар хотноо ЭМЯ-наас зохион байгуулж байгаа “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шинэчлэл, манлайлал ба хариуцлага” Үндэсний IV зөвлөлгөөнд оролцохоор иржээ.

Тэд анх удаа Монгол оронд ирж байгаа бөгөөд онгоцноос дөнгөж буугаад Сэлэнгэ нутгийг зорьсон байна. Тэд зудтай газар нутаг ямар байдаг, мөн гамшиг ослын үед хэрхэн ажиллаж байгаа талаар санал бодлоо солилцож, өөрийн орны туршлагаас хуваалцах зорилготой иржээ.

Австрали улсын иргэн профессор Хамыш тухайн бүс нутгийнхаа гамшиг ослын үед мэдээлэл технологи хариуцсан зөвлөхөөр ажилладаг байна. Харин түүний хамтрагч, гэргий  Жюдчи нь Австрали улсын Квийнслэнд мужийн Гриффитийн их сургуульд нөхөртэйгөө хамт багшилдаг ажээ. Тэднийг Сэлэнгэ аймгийг зорин ирэхэд аймгийн ЭМГ-ын “Халуун сэтгэл-2017” аяныхан таарч хамтдаа малчин өрх айлуудаар орсон юм.  

Тэд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэнгийн 1-р баг буюу “Оготор бэлчир” хэмээх газарт өвөлжиж байгаа малчин Б.Гантулга, мөн Ивэнгийн 1-р багт өвөлжиж байгаа мянгат малчин Б.Соёл-Эрдэнэ нарын гэрээр зочиллоо. Тэд энэ үеэр монгол гэр, монгол ахуй амьдралын бүх зүйлд үнэхээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Профессор Хамыш өвөлжилт хүндрэлтэй үед хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгааг газар дээр нь үзэж үнэлгээ өгсөн юм. Тэрээр:-“Австралид гамшгийн үед ажиллахдаа урьдчилан ажиллах төлөвлөгөөгөө маш сайн гаргадаг. Мөн олон нийтийг тухайн үеийн сургалтанд сайн хамруулж, гамшиг эрсдэлийн үед хэрхэн бэлэн байдалд байх тухай маш сайн сургаж бэлтгэдэг. Харин монгол орны хувьд харьцангуй саяхнаас энэхүү арга хэмжээний талаар судалж, суралцаж байгаа юм бол уу хэмээн санагдлаа” гэлээ. “Гэхдээ монгол орон эрсдэл тохиолдсон үед маш сайн бэлтгэлтэй байдаг юм байна. Мөн өөрсдийн хязгаарлагдмал нөөц буюу “Эдийн засаг хүндрэлтэй цаг үед хэрхэн яаж ажиллаж болох тал дээр их зөв зохион байгуулалттай ажилладаг юм байна. Мөн эрсдэл тохиолдсон үеийг хэрхэн даван туулах сэтгэл зүйн бэлтгэлийг маш сайн хангаж байгаа нь ажиглагдлаа” хэмээн дүгнэлээ.

Профессор Хамыш Сэлэнгэ аймагт энэ сарын 14, 15-ны өдрүүдэд ажиллахдаа Баруунбүрэн сумын нутгаар өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ Сайхан сумын Хөтөл хотын сум дундын эмнэлэг дээр зохион байгуулсан “Гамшгийн үеийн яаралтай тусламж” сэдэвт сургалтанд оролцож, зааварчилгаа өгсөн байна. Австрали улсын хувьд одоо +40 хэмийн дулаан байгаа аж. Харин тэд -40 хэмийн хүйтэн Монгол оронд ирж эрс тэс уур амьсгалын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаа ажээ.

Австралийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллахад ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа чиглүүлэгчээр ажиллалаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ