Дархан Дулааны цахилгаан станц халаалтын горимоо 114 хэм болгож нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-11 23:12:31

“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК нь гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулж дулаан хангамжийн горимыг 114 градус болгож температурын горимыг нэмэгдүүлэн, нүүрсээ 30 мянган тонн болгож нөөцөлжээ.

Энэ тухай өвлийн ид хүйтний оргил үе болох гурав дахь ес эхэлж хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулж хйисэн тус аймгийн эрчим хүчний байгууллагууд ээлжит зөвлөлгөөний үеэр ярилаа. Энэ жилээс эхэлж тус аймгийн эрчим хүчний байгууллагууд 14 хоногт нэг удаа эрчим хүчний шуурхайг хийдэг уламжлалтай болсон юм.

Мөн шуурхай зөвлөлгөөний үеэр Шарын гол сумын төвийг халаалт дулаанаар хангадаг “Дулаан Шарын гол” ТӨХК-ийн түлэх нүүрс 1000 тн буюу өвлийн их ачааллын үед байх ёстой нөөц хэвийн байгаа талаар холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ. Цаашид өвлийн их ачааллыг амжилттай давах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, Дэд бүтэц, Хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд эрчим хүчний байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Дархан-Уул аймагт хүйтний эрч сүүлийн өдрүүдэд эрс чангарч шөнөдөө 30-33, өдөртөө 19-24 хэм хүрч хүйтэрч байгаа бол энэ нь цаашид 7-10 хоног үргэлжилнэ гэж аймгийн Цаг уур, Орчны шинжилгээний төвөөс орон нутгийн телевизүүдээр мэдээлж байна.

     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ