Угалз хээтэй угтах хаалга соёлын өв болох уу?

ӨВ СОЁЛ
sh.aidos@montsame.gov.mn
2025-10-05 00:00:32

Баян-Өлгий, 2025 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Уудам нутагт үлдээсэн өвгөд дээдсийн хүн чулуу, булш-бунхнууд хогонд дарагдаж, цэмцгэр цагаан өргөө маань навсгар овоохой болсоор.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэнгэрт тэтгэгдэж, хүмүүст хүндлэгдэж яваарай” хэмээн ард олноо ерөөж явдаг нь амны билэгтэй сүү шиг цагаан сэтгэл, улсын эзэн, үрсийн аав бүрийн чин хүсэл, эх оронч иргэн бүрийн зүрхний хүслэн мэтээр дуулдадаг.


Гэтэл өнөөдөр хөх Түрэгийн үр сад, тэнгэр заяат монголчууд бид эв-эеээ гээж, улс төрийн үзэл, угсаа гарвал, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, алба-амины илүү-дутуугаараа өрсалдөж, нэгнээсээ дээр гарч л байвал юунаас ч буцахаа байсан хүнлэг бус, цадиггүй, хүн бүр мэдэж, сахиж байх ёстой Үндсэн хуулиа хүртэл үл тоомсорлодог дээд заяатай бус боол заяатай ард зон болж хувирсан бус уу?


Иргэн бие гарын хуруунд багтахаар хэдхэн зүйл баримтыг иш татаж энэхүү эмзэглэлээ баримт дүрсээр харуулан дээд удирдлагууд, доод түмэн зонд хүрээсэй гэдэг сэтгэлийн үзүүрээр үзэгний үзүүр хөдөлгөж сууна..


Дэлхийд хосгүй үнэт соёлын өв, эцэг өвгөдийн хээр талаа ясаараа тамгалан үлдээсэн булш бунхан, хүн чулуу соёлт иргэд бидний эрин, хүмүүнлэг, иргэний ардчилсан чөлөөт нийгмийн өнөө цагт хогонд дарагдаж, чулуу, бичээст дурсгалууд нь малын хашаа хорооны ханад өрөгдөж, хогийн цэг, худагны нүх болж, доор нь оршоосон хосгүй эрдэнэ, алтнаас үнэтэй нутгийн чулуу, элсний маань ширхэг шуналтнуудын гараар дамжин хайр гамгүй хилийн дээс даван дээрэмдүүлж иргэд ядуурч, идэгсэд даварсаар…


Эзэн хаанаас энгин харц ардын дөрвөн улирал нарны халуун, салхины сэрүүнээс хаалт болдог холоос харахад тэнгэрийн шувуудын хэвлийгээс унасан өндөг мэт цагаан өргөө гэр маань өдгөө намсгар намхан ороомж болсоор.


Сүлдэндээ залсан морин эрдэнийхээ туурайгаар хамаагүй гишгэхээ ч цээрлэдэг байсан хээр талд маань ганц биш олон зуун “Мянганы зам”-ыг дуртай болгон, том төмөр хөлөглөсөн этгээд бүр, хүссэн үе, хүсэл нь оргилсон хором бүр тавьдаг, хэрэглэсэн уут, шатаасан хог болгоноо хаядаг хогийн цэг болсон нь ариун явдал уу?


Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон жил ярьж, бичиж, сүүлдээ дээд эрх мэдэлд хүрэхдээ төрийн бодлого болгон УИХ-аар батлуулж, гаргасан “Шинэ сэргэлтийн бодлого” нь өрх болгоны тооноор орж, иргэн бүрийн тархинд шингэх болов уу хэмээн маань мэт нь мөрөөдөж суухад салхинд замхарч, бунхны нүхэнд оров уу яав?


Гэтэл бид өдөр алгасалгүй найрлаж, ширээ дүүрэн мах огтолж, савнаасаа бусдыг дийлдэг “Чингис” нэртэй шошготой сархадад толгойгоо мэдүүлж, хацар гоо охидуудаа тэрний, тэдний шивэгчин болгосоор, улам задгайрч завхарсаар.


Задарсныг засаглаж, ядарсныг тэтгэдэг төр байна уу та минь хэмээн өвгөд, эмгэд маань халагласаар.


Уг нь бидний хайрт Эх оронд төр ч бий, хаан ч бий, хууль цааз ч бий.


Юу дутагдаж байгааг ард нийтээрээ илэн далангүй ярилцах цаг ч бий, сэтгэл, зүтгэл ч бий.


Эцэст нь эрхэм төрийн тэргүүн таны сонорт иргэн миний тэрлэсэн үг хүрдэгсэн бол танаас халган байж асууя, өршөөж болгооно уу, олон жил ярьсан, өнгөрсөн түүхэнд үр дүнгээ ч хэд өгсөн соёлын хувьсгалаа хийх хэвээрээ юу?


Эсвэл таныг шүдгүй арслан болсон гээд доог тохуу хийгсдийн шог яриа үнэнд ойртоо юу даа?

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд