Хөлбөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2017-01-11 10:28:02

ЦЮРИХ. /Xinhua/. Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий шувтаргын шатанд одоогийнхоос 16-гаар олон баг буюу 48 баг оролцоно гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ мэдэгдлээ.

ДАШТ-д оролцох багийн тоог нэмэгдүүлэхийг ФИФА-гийн Удирдах зөвлөл мягмар гарагт Цюрих хотод болсон хуралдаанаараа санал нэгтэйгээр дэмжсэн байна.

2026 оны ДАШТ-ээс эхлэн 48 багийг 16 хэсэгт хувааж өрсөлдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино өнгөрсөн оны 10 дугаар сард дэвшүүлсэн билээ.

Мягмар гарагт болсон хуралдаанд оролцогчид хэлэхдээ “ФИФА-гийн зөвлөлийн зарим гишүүн эхэндээ эсэргүүцэж байсан хэдий ч ДАШТ-д оролцох багуудын тоог нэмэгдүүлснээр гарах үр дүнг тооцож үзсэний дараа уг саналыг бараг бүгдээрээ дэмжсэн. Оролцох багууд болон тоглолтуудын тоо нэмэгдсэнээс үүдэн орлогын хэмжээ 640 сая доллароор өснө гэсэн тооцоо бий” гэв.

ДАШТ-д оролцох багуудын тоог сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаагаа нэмэгдүүлэх гэж байгаа нь энэ юм.

1998 онд Францад болсон ДАШТ-д оролцох багуудын тоог 24-өөс 32 болгон нэмэгдүүлж байжээ.

Харин ФИФА зургаан тив тус бүрээс хэдэн багийг ДАШТ-ий эцсийн шалгаруулалтад оролцуулахаа хараахан шийдээгүй байна. Одоогоор, Ази тивийн хувьд ДАШТ-ий финалд оролцох багуудын квот 4.5 байна. Энэ квотыг 7 болгон нэмэгдүүлж магадгүй гэсэн таамаглал байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ