БНКУ-ын Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-01-07 13:23:57

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 1 дүгээр сарын 6-нд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг Итгэмжлэх Жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд Раул Делгадод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНКУ-д хийсэн албан ёсны айлчлал чухал түлхэц болсныг тэмдэглэв.

Улмаар Кубад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Монголд ирж суралцах кубын хоёр оюутны суралцах чиглэлийг тодруулах, Кубын Генетикийн инженер, биотехнологийн төвөөс мэргэжилтэн урьж хамтран ажиллах зэрэг ажил идэвхтэй эхэлж байгааг онцлов.

Элчин сайд Раул Делгадо хоёр талын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч, түүний ажилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааг боломжтой салбаруудад хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлохын зэрэгцээ энэ чиглэлээр холбогдох яам, агентлагийн удирдлагуудтай уулзаж санал солилцохоор төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Холбоотой мэдээ