Ц.Батсайхан: Шүүх эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээг орон нутагтаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ц.Батсайхантай албаных нь үйл ажиллагааны талаар тодруулж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэж, шинэ оны мэнд дэвшүүлье.
-Баярлалаа. Эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, зон олныхоо амар амгалан, хөгжил цэцэглэлтийн төлөө мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан ажиллаж буй төрийн албан хаагчид, үе үеийн ажилсаг хамт олон, ахмадууд, тэднийг залгамжлагч ажилчид болон нийт Хан Хэнтий нутгийн зон олондоо айлчлан ирсэн 2017 оны мэндчилгээг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
- Шүүхийн шинжилгээний албаны үндсэн чиг үүрэг юу вэ?
-Манай алба Гэмт хэрэг, учралын газрын үзлэгийг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах, үзлэгээр ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэн бэхжүүлж хураан авах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх, прокурорын байгууллага болон шинжилгээ томилох эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хэргийн холбогдолтой бүхий л ул мөр, баримт сэлтэд үзлэг шинжилгээ хийж дүгнэлт гаргах, үүнтэй холбогдуулан мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, ашиглах үндсэн үүрэгтэй.
- 2016 оны ажлаа эргэн дүгнэвэл?
-Шүүхийн шинжилгээний алба нь 2016 онд мэргэжил, арга зүйн тусалцаа үзүүлэх материаллаг баазаа бэхжүүлэх, нарийн мэргэжлийн болон лабораторийн шинжээч боловсон хүчин бэлтгэх, алба хаагчдыг давтан сургах, тэдний үйл ажиллагаанд хяналт тавих болон дээр дурьдсан үндсэн ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, 2016 оны ажлаа дүгнэж, шинэ оноо угтсан.
- Алба хаагчдынхаа ажиллах нөхцөл боломжийг хэрхэн нэмэгдүүлж ажиллав?
-Хүн амын нягтрал, суурьшил, эрүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сум дундын Шүүхийн шинжилгээний хэсгийг 2016 оны 10-р сард шинээр байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлж, криминалистикийн шинжээч, шинжээч эмч нарыг томилуулан байнгын тогтвор суурьшилтай ажиллуулж, ажлын байр, өрөө тасалгаа, багаж хэрэгсэл, техник хэрэгсэл, эд зүйлээр бүрэн ханган ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажил үүргийг хэвийн гүйцэтгүүлж байна.
Мөн аймаг орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагад үйл ажиллагааны талаарх танилцуулга, мэдээллийг хүргүүлэн тэдний дэмжлэг туслалцаатайгаар алба хаагчдын ажиллах хэвийн нөхцлийг бүрдүүлж, тус тусдаа байрлан үйл ажиллагаа явуулж байгаа лаборатори, алба хаагчдыг нэгдсэн нэг ажлын байранд оруулж, ажлын байрны шаардлага хангасан, тохилог орчин бүхий ажлын байр, өрөө тасалгааг иж бүрэн засвар хийлгэн хүлээн авсан байгаа.
- Ирэх 2017 онд шинээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд шүүх эмнэлгийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлж, шүүх эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээг орон нутагтаа хийх зорилт тавин ажиллаж байна.
Д.Одонтунгалаг