Бен Ладены хүүг террористуудын жагсаалтад оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Xinhua/. “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладены хүү Хамза бен Ладеныг пүрэв гарагт террористуудын жагсаалтад оруулсан тухай АНУ-ын Төрийн Департамент мэдэгдлээ.
Ингэснээр Хамза бен Ладены эзэмшлийн АНУ-д байгаа бүх эд хөрөнгийг битүүмжилж, тус улсад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, америкчуудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахыг хориглож байна.
Хамза бен Ладен бол “Аль-Каида”-гийн албан ёсны гишүүн мөн гэдгийг тус бүлэглэлийн толгойлогч Аяман аль-Завахири 2015 оны наймдугаар сарын 14-нд албан ёсоор зарлаж байсан билээ.
Төрийн Департаментын мэдэгдсэнээр, Хамза бен Ладен нь барууны орнуудын нийслэл хотуудад террорист халдлага үйлдэхийг уриалж, АНУ-аас өшөө авна гэж сүрдүүлж байжээ.
Хамза бен Ладен 1989 онд Саудын Аравид төрсөн аж. Түүний эцэг болох “Аль-Каида”-г үүсгэн байгуулагч, толгойлогч Усама бен Ладеныг 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистанд байхад нь Америкийн тусгай хүчнийхэн нууц ажиллагааны явцад устгасан юм.
Г.Доржханд