Төрийн албан хаагчид хэрэглээгээ хянана

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2017-01-03 16:43:40

Увс аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс аймгийнхаа төрийн албан хаагчдын дунд “Хэрэглээгээ хяная” сарын аяныг өнөөдрөөс эхлэн зарлалаа.

Төсвийн байгууллагуудын ажилтнуудаас хамаардаг албан газрын байр ашиглалттай холбоотой зардлууд их байдаг аж. Тухайлбал, цахилгаан, цэвэр, бохир ус, бараа материалын хангамж, бичиг хэрэг, тээвэр шатахууны зардал гэх мэт. Энэ бүхнийг төрийн албан хаагчид байнга хэмнэж ажиллах хэрэгтэй хэмээн тус хэлтсийн хамт олон үзэж байна. Өглөө ажилд ирэхдээ өрөөнийхөө гэрлийг асаасан бол өдөр 10 цагт унтрааж хэвших, орой ажил тарахдаа компьютер техник хэрэгслээ бүгдийг нь унтрааж залгуураас нь салгахыг ажилтан бүр хэвшүүлэх хэрэгтэй аж. Зөв зохистой хэмнэж, зардал багатай, үр ашигтай ажилласнаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх боломжтой байна.

“Төрийн албан хаагч бүр шинэ санал санаачлагуудыг гаргаж ажиллахаас гадна өөрийнхөө төсөв санхүүгээ зөв зүйтэй зохицуулж, хуримтлал бий болгох хэрэгтэй байна” хэмээн аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн хэллээ.

“Хэрэглээгээ хяная” аяныг сарын эцэст дүгнэж, ямар үр дүн гарсан талаар нийтэд мэдээлэх аж.

Б.Батхүү  

 

Холбоотой мэдээ