Б.Тэгшбаяр "Бөртэ чоно"-ын эзэн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-26 12:10:45

Монгол Улсын 2016 оны Шилдэг залуу тамирчинаар Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Дугуйн залуучуудын дэлхийн аварга, ОУХМ  Б.Тэгшбаяр шалгарлаа.

18 настай залуу тамирчин дугуйн спортын төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон юм.

Түүний 2016 онд гаргасан амжилтыг дурдвал, Дугуйн залуучуудын  ДАШТ-ий эрэгтэйчүүдийн TRACK-ийн бөөн гараат 10 км-ын төрөлд оролцож, алтан медаль хүртсэн. Мөн "Prix cycliste de Marchaux" 98 км-ийн тэмцээнд дараалан түрүүлсэн, аравдугаар сард Францын аварга шалгаруулах засмал замын бөөн гараатай 138 км, Швейцарын Ханан дугуйн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож энэ хоёр тэмцээнээс хос мөнгөн медаль хүртсэн билээ.

Б.Тэгшбаяр нь дугуйн спортоор дөрөв дэх жилдээ хичээллэж байгаа бөгөөд багахан хугацаанд уйгагүй хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилтын үр дүнд дээрх амжилтуудыг гаргасан юм. Түүнийг дугуйн спортод хөтлөн оруулсан анхны багш бол аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч багш  С.Төмөрхуяг юм. С.Төмөрхуяг дасгалжуулагчийн хувьд шавь Б. Тэгшбаярын гаргасан амжилтуудаар аймгийн 2016 оны "Шилдэг дасгалжуулагч" болсон билээ.

Биеийн тамир спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг "Бөртэ чоно"-ын эзэд 12 дугаар сарын 24-ний өдөр тодорсон юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ