Израилийн Ерөнхий сайд АНУ-ын Элчин сайдыг дуудан ирүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-26 11:08:51

ТЕЛЬ-АВИВ. /ВВС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Израилийг буруушаасан тогтоол батлах үед АНУ хориг тавиагүйтэй холбоотойгоор Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Элчин сайдыг дуудан ирүүлж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Израилийн Гадаад хэргийн сайдын албан тушаалыг давхар хашдаг Нетаньяху АНУ-ын Элчин сайд Дан Шапиро-г ордондоо дуудан ирүүлснийг туйлын хачирхалтай үйлдэл гэж ажиглагчид үзэж байна.

АНУ-ын төдийгүй уг тогтоолыг батлахыг дэмжсэн улсуудын Элчин сайд нарыг Израилийн тал дуудан ирүүлж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Иордан голын Баруун эрэг болон бусад газарт суурингууд барьж буй зохисгүй үйлдлээ нэн даруй зогсоохыг Израилиас шаардсан агуулга бүхий тогтоолыг батлахаар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл санал хураалт явуулахад АНУ хориг тавих эрхээ ашиглаагүй юм.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын хамгийн ойрын холбоотон болох Израиль эл үйлдлийг буруушааж “тогтоолын төслийг өргөн барихад Вашингтон оролцсон” гэлээ. Харин АНУ үүнийг үгүйсгэн няцаалаа.

Израилийн Ерөнхий сайдын мэдэгдэлд “бидэнд ирсэн мэдээллээс үзвэл, уг тогтоолын төслийг Обамагийн засаг захиргаа санаачлан өргөн барьсан нь эргэлзээгүй” гээд “найз нөхөд, холбоотон байх эсэх нь Аюулгүйн Зөвлөл дээр хамаагүй байдаг юм байна” гэжээ.

Еврейн суурингийн асуудал бол Израиль болон Палестины хооронд хамгийн ихээр маргаан дэгдээж буй асуудлуудын нэг юм.

Израиль улс 1967 онд Иордан голын Баруун эрэг болон Зүүн Иерусалимыг эзлэн авснаас хойш эдгээр газарт барьсан 140 орчим сууринд  500 мянга гаруй еврей иргэд амьдарч байна.

Суурин барьж байгааг олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэж үздэг боловч Израиль улс энэ асуудлаар огт өөр байр суурьтай байгаа юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ