Зуслан барих хөрөнгө хаанаас орж ирэх нь тодорхойгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-20 00:44:21

Булган аймгийн "Жаргалант" хүүхдийн зусланг сэргээн барих төсөв хаанаас орж ирэх нь шийдгүй байна. 1961 онд анх баригдсан модон байшингууд нурж унах, цахилгааны монтаж нь гал гарч мэдэхээр болсон учраас аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас дахин амрагч хүлээн авах боломжгүй гэж дүгнэснээс сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулаагүй.

Зуслангийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын хүүхдийн зуслангийн стандартын дагуу боловсруулж, 7 хотхонтой байхаар төлөвлөжээ. Үүнээс 60 хүүхэд амрах цогцолбор, 300 хүүхэд хооллох хүчин чадал бүхий захиргаа аж ахуй гэсэн 2 давхар барилгын зураг төсвийг хийлгээд байна.

Эхний ээлжинд эдгээр цогцолбор барилгуудыг барихад 1,7 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ хөрөнгийг улсын төсөвт уламжлахад баталж өгдөггүй, орон нутагтаа хүсэлт гаргаж өгөхөд бас хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй гээд буцдаг байна.

Өнгөрсөн жил Орхон аймгийн Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт манай аймгийн удирдлагууд гарын үсэг зурах үед тус хотхоныг барих хөрөнгийг Орхон аймгийн тал хариуцах болсон. Гэвч сонгуулийн шалтгаанаар үлйдвэрийн дарга нар солигдсон тул барьж өгөх үгүй нь тодорхойгүй байна.

Мөн Булган аймгийн Засаг дарга З.Батзоригийн мөрийн хөтөлбөр болоод аймгийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийгдэх 80 ажлын төлөвлөгөөнд "Жаргалант" зусланг сэргээн барих гэсэн төлөвлөгөө багтсан байгаа тул аль нэг зүгээс хөрөнгө оруулалт шийдэгдэх байхаа гэж хүлээж байна гэсэн мэдээллийг аймгийн Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн төвөөс мэдээллээ.

                                                                                                                                                                       П.Батням

Холбоотой мэдээ