Зарчмын зөрүүтэй саналын 79 томъёоллоор санал хураав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-13 14:48:57

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусав.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өмнө нь хийх явцад байнгын хорооны гишүүдээс гаргасан 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Ажлын хэсэг судалж, боловсруулах шаардлагатай гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гаргасан найруулгын шинжтэй зарчмын зөрүүтэй саналын 79 томъёолол тус бүрээр санал хураалт явууллаа.

Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан, М.Оюунчимэг, Х.Нямбаатар нарын гаргасан саналуудыг тус бүрээр хэлэлцэн, Ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч шийдвэрлэсэн юм. Ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Н.Туяа

Холбоотой мэдээ