Хятадын хамгийн баян хүн Д.Трампад анхааруулга өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-13 11:12:18

БЭЭЖИН. /Fortune/. Хятадын хамгийн баян хүн болох Ван Зеньлинь Дональд Трампад  хандан анхааруулга өгч, АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлавал олон мянган ажлын байр үгүй болно гэж мэдэгджээ.

“Dalian Wanda” группын ерөнхийлөгч Ван Зеньлинь бямба гарагт Бээжин хотноо болсон форумын үеэр АНУ-ын сенатч асан, Америкийн кино урлагийн холбооны тэргүүн Кристофер Доддтой уулзаж, илгээлтийг нь ДональД Трампад уламжилж өгөхийг хүссэн байна. Тэрбээр хэлэхдээ “би АНУ-д 10 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж, 20 мянга гаруй хүнийг ажлын байртай болгосон. Хэрвээ байдал буруугаар эргэвэл тэдгээр хүмүүс ажилгүй болно" гэсэн байна.

“AMC” кино театрууд, “Legendary Entertainment” кино компанийг эзэмшиж, “Golden Globe Awards” шагналыг санаачлагч “Dick Clark Productions” компанийг худалдан авахаар тохиролцсон тэрбумтан Ван Зеньлинийн компани Америкийн энтертайнмэнтийн салбарт томоохон байр суурь эзэлдэг ажээ. Үүний зэрэгцээ тэрбээр Холливудын “Big Six” студийг худалдан авах бодолтой байгаа гэнэ.

Түүний бизнес ингэж тэлж байгаа нь АНУ-ын зарим хууль тогтоогчдын дургүйцлийг төрүүлж байгаа юм. Тэд хятадуудын энэ үйл ажиллагаанд Засгийн газрын зүгээс хатуу хяналт тогтоохыг уриалсан байна.

Кино, энтертайнмэнтын салбараас гадна англи хэл дээрх кинонууд Хятадын зах зээлтэй шууд холбоотой гэдгийг мэдэж байх хэрэгтэй гэж Ван мэдэгдлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ