Эх, нярайн эндэгдэл буурахад эх баригчдын оролцоо чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-12-07 16:41:57

“Монголын эх баригч, бага эмч нарын II чуулган” өнөөдөр болж суурь судалгааны үр дүн, зөвлөмжид үндэслэн эх барихын яаралтай тусламжийн чанарыг сайжруулах, эх барихын тусламж, үйлчилгээний бодлогын орчинг боловсронгуй болгох, өнөөгийн байдалд дүгнэлт хийж, цаашдын зорилтын талаар хэлэлцлээ.

Жирэмсэн болон төрөх, төрсний дараах үед эх, нярайд цогц тусламж, үйлчилгээ үзүүлэхэд эх баригч, бага эмч нарын оролцоо нэн чухал бөгөөд Монгол Улсын 2500 эрүүл мэндийн байгууллагад 916 эх баригч эмч ажилладаг байна.

Тус чуулганы нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, "Эх, хүүхдийн эрүүл мэнд нь аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, анагаах ухааны хөгжлийн илэрхийлэл болдог тул Монгол Улсын Засгийн газар анхаарал тавьсаар ирсний үр дүнд эхчүүдийн эрүүл мэнд сайжирч, төрөлт, цэвэр өсөлт нэмэгдэж байна. Эх, нярайн эндэгдлийг бууруулахын төлөө манай эх баригч, бага эмч нар эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран, хичээн зүтгэж ажилласны үр дүнд эхийн эндэгдэл буурч, Мянганы хөгжлийн зорилтоо хэрэгжүүлсэн 9 орны нэг болоход нийт эх баригчдын оролцоо, хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн тодорхой байр суурийг эзэлдэг" гэдгийг онцлов.

ЭМЯ, Монголын эх баригч, бага эмч нарын нийгэмлэг хамтран НҮБ-ын Хүн амын сан, Франц улсын “Санте Сюд”  ТББ-ын санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулж буй тус чуулганаар Монгол Улсын эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хөндөн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.

Энэхүү чуулганд 21 аймаг, зарим сум, нйислэлийн бүх дүүргийн эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс ажил мэргэжлээрээ шалгарсан 120  эх баригч оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ