Т.Төртогтох: Манай сум энэ онд өргүй гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-12-05 17:27:01

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Бөхмөрөн сумын Засаг дарга Т.Төртогтохоос тус сумын өвөлжилтийн талаар тодрууллаа.

-Бөхмөрөн суманд өвөлжилт хэр болж байна вэ?

-Миний хувьд сумын Засаг даргаар томилогдоод 7 хонож байна. Манай суманд цас зуд багатай, сайхан өвөл болж байна. Одоогоор Малчин сумын 9, Түргэн сумын 10, Тариалан сумын 2, нийтдээ гадны сумын 20 гаруй өрхийн 35 мянган мал өвөлжихөөр ороод ирчихсэн байна. Манай сумын бог мал өсөөд бэлчээрийн даац хэтэрсэн. Гаднаас орж ирж байгаа малчдад өөрийн сумын малчид шигээ хандаарай гэсэн чиглэлийг аймгийн Онцгой комиссоос өгсний дагуу анхаарч ажиллаж байгаа. Гэвч гаднаас орж ирсэн малчид маань манай сумын малчдын өвөлжөө, хаваржаа луу малаа алддагаас болж удаа дараа санал гомдол гарч байна. Иймээс аль болох малчдыг ойлголцуулах байдлаар сумын удирдлага ажиллаж байна.

Багийн Засаг дарга нарын сонгууль явагдаж дууссан. Энэ сарын 7-оос мал тооллогын ажил эхэлнэ. Би ажил хүлээж авахдаа өргүй сум авсан. Энэ онд сум маань өргүй гарах байх. Манай суманд Улсын нөөцийн салбар байдаг бөгөөд энд 2000 боодол өвс, 5 сая төгрөгийн тэжээл бэлдсэн байгаа.

Аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанд сумаа төлөөлөн сууж, зарим асуудлуудыг шийдүүллээ. Тухайлбал, Бөхмөрөн сумын ЗДТГ-ын байрыг шинээр барих санал оруулсан. Баригдаад 57 жил болсон 1960-аад оны барилга байгаа юм. Аймгийн МХГ-аас 2014 онд ашиглах боломжгүй гэсэн акт гаргасан. Мөн Булагийн эхний рашааныг түшиглэн рашаан сувиллын газар байгуулах, Ахлах сургуулийг гүн өрмийн худагтай болгох гэх мэт 10-аад саналыг аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт тусгуулж чадлаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ