Яо Минийг ДАШТ-2019-ийн элчээр томиллоо

Дэлхийд | Спорт
adiyakhuu@montsame.mn
2016-12-05 16:28:53

МОСКВА./TASS/. Алдарт сагсан бөмбөгчин Яо Мин 2019 онд Хятадад болох ДАШТ-ний элчээр томилогджээ. Энэ тухай Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ мэдэгдлээ.

ДАШТ эхлэхэд 1000 хоног үлдсэнийг тохиолдуулан өнгөрсөн ням гарагт Бээжин хотод болсон хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Яо Минийг ДАШТ-2019-ийн элчээр томилсон гэдгийг зарлан мэдэгдсэн байна.

Тэрбээр ёслолын үеэр үг хэлэхдээ “миний эх орон 1000 хоногийн дараа ДАШТ-ийг хүлээн авах гэж байгаад баяртай байна. Дэлхийн од тамирчид хүрэлцэн ирэхийг бид хүлээж байна, бид гайхамшигтай тоглолтуудыг үзэх болно” гэжээ.

2019 онд Хятадад болох эрэгтэй шилдэг багуудын ДАШТ-нд анх удаагаа 32 баг оролцох юм.

Яо Мин хоёр удаа ДАШТ-нд оролцож байсан бөгөөд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ "Хьюстон Рокетс" багт 2002-2011 онд тоглож байжээ.  Тэрбээр NBA-гийн Бүх оддын тоглолтод байнга оролцож байв. Яо Мин бол Хятадын хамгийн алдартай, баян хүмүүсийн нэг бөгөөд "Шанхай Шаркс" багийн эзэн юм. Одоо тэрбээр спортын тайлбарлагчийн ажил хийж байна.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ