Пак Гын Хэ ард түмэндээ хандан дахин үг хэлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-05 15:58:33

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ дотны найз нь нэр холбогдсон дуулиан шуугиантай холбоотойгоор ард түмэндээ хандан дахин үг хэлж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.

Тэдний үзэж байгаагаар, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугианд өртөөд байгаа Ерөнхийлөгч Пак өөрийг нь огцруулах асуудлаар энэ баасан гарагт санал хураалт явуулахаас өмнө буюу маргааш эсвэл нөгөөдөр үг хэлж, хэзээ огцрох гэж байгаагаа тодорхой мэдэгдэж магадгүй байгаа ажээ.

Хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн байгаагаа Пак өнгөрсөн долоо хоногт илэрхийлж байсан ба өөрийг нь хэзээ, хэрхэн огцруулах асуудлыг шийдвэрлэхийг парламентад уриалсан билээ.

Хэрвээ Пак дахин мэдэгдэл хийх үеэрээ огцрох гэж байгаагаа тодорхой мэдэгдэхгүй бол сөрөг хүчний намынхан болон түүнийг нэн даруй огцрохыг шаардаж буй ард иргэдийн дургүйцлийг улам өдөөж магадгүй юм. 

Г.Доржханд
 

 

 

 

Холбоотой мэдээ