Г.Нямхатан:Шинэ санал санаачилгыг дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-05 15:58:03

Хэнтий аймгийн МСҮТ-ийн захирлаар томилогдон ажиллаж буй Г.Нямхатаныг урьж, тус сургуулийн үйл ажиллагааны талаар болон ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Өнөөдрийг Та хэрхэн эхлүүлэв гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

- Баярлалаа. Юуны өмнө Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ер нь бол би өглөө бүр юуг яаж сайжруулах вэ, юуг хийж бүтээх вэ, багш ажилчид, оюутнуудаа хэрхэн чадваржуулах вэ гэсэн бодол өвөрлөн байгууллагынхаа хаалгаар орж ирдэг дээ. Одоо 12 сар гарч байна. Энэ сар бол мэдээж их ачааллын сар байдаг, 2,5 жилээр суралцагчид маань төгсөнө, төгсөлтийн шалгалт, жилийн эцсийн тайлан, тооллого, за тэгээд шинэ жилийн баяр гээд хийх ажлууд их байна аа.

- Манай уншигчид Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн өрхийн шинэ тэргүүнтэй танилцахыг хүсч байгаа нь дамжиггүй. Та өөрийгөө товч танилцуулаач?

- Миний бие 1980 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод мэндэлсэн. 1998 онд ЕБ-ын 1-р сургуулийг, 2002 онд УБ хотын УБИС-ийг Физик-компьютерийн багшаар, 2010 онд ХҮИС-ийн Бизнесийн удирдлагын магистр, 2012 оноос МУБИС-ийн Боловсролын удирдлагын докторантурд суралцсан. Хэнтий аймгийн Байгаль орчны албанд мэргэжилтэн, “Хан Хэнтий Хамтын Хүч” ТББ-ын Гүйцэтгэх захирал, ДЗМОУБ-д Бизнес хөгжлийн ажилтан, Бор-Өндөрийн УБҮ-т Мэдээллийн албаны дарга, Говьсүмбэр аймаг дахь МСҮТ /2008-2012/, Политехник коллежид албаны даргаар /2012-2015/ ажиллаж байсан бөгөөд нийтдээ улсад 14 жил үүнээс 7 жил нь мэргэжлийн боловсролын салбарт ажилласан байна.

- Шинэ ажилд хэзээ томилогдсон бэ? Ажлаа хаанаас хэрхэн эхлүүлэв?

- Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал 2016 оны 10-р сарын 28-нд гарсан. Аймагтаа ирээд Аймгийн Засаг даргын 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн захирамжаар ажил хүлээлцэх комисс гарч тухайн өдөр ажлаа хүлээж авсан. Юуны түрүүнд сургуулийн орчинтойгоо танилцаж, багш ажилчидтайгаа уулзалт хийж, үйл ажиллагааны талаар болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар бичгээр санал хүсэлтүүдийг нь авсан. Энэ салбартаа 7 жил гаран ажилласан болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл бол байхгүй гэж бодож байна.

- Ер нь МСҮТ-ийн захирлууд ойр ойрхон солигдоод байдаг нь юутай холбоотой юм бэ? Та ингэхэд хэдий хугацаанд ажиллах томилолт өвөртөлсөн хүн бэ?

- Би аймагтаа ажиллаагүй нэлээд хэдэн жил болжээ. Яагаад солигдоод байдгийг сайн мэдэхгүй байна, миний ойлгож байгаагаар харъяа яамны сайд солигдохоор өөрчлөлт ороод байдаг юм болов уу. Миний бие аймаг орон нутагтаа ажиллах хүсэлтээ илэрхийлээд 2 жил болж байна. Энэ салбарт ажилласан туршлага, хүсэлтийг минь хүлээн авч намайг томилсон аймаг орон нутгийн удирдлага, яам, ерөнхий газрынхаа итгэлийг даан, байгууллагынхаа хөгжил цэцэглэлт, багш ажилчдынхаа нийгмийн асуудал, суралцагчид, төгсөгчдийнхөө ур чадвар, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх олон ажлыг үр дүнтэйгээр хийж хэрэгжүүлж, зүтгэж ажиллана. Томилолтын хугацаагаа мэдэхгүй байна даа.

- Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн 2016-2017 оны хичээлийн жилд баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл бидэнд өгвөл?

- Юуны түрүүнд байгууллагынхаа 2017-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа стратеги төлөвлөгөөгөө хамтаар хэлэлцэж батлана. Миний бодож, харж байгаагаар энэ хичээлийн жилд бид илүү төлөвшсөн, чадварлаг мэргэжилтэй ажилтанг бэлтгэх, оюутнуудын бүтээлүүдийг гаргах, мөн лаборатори, дадлагын газрыг орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй болгох, багш ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, ажил олгогчтой хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн агууламжтай мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх бодлого барьж ажиллана гэж бодож байгаа.

- Та өөртөө болон хамт олон, бусдад ямар зарчим баримталж ажилладаг вэ?

- Би тууштай, чадамжтай, хэлсэн ярьсан зүйлээ хэрэгжүүлдэг байхыг боддог. Одоо бол багш ажилчдынхаа цаг ашиглалтанд анхаарал хандуулж байна. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, ажлыг цагт нь эхэлж, цагт нь дуусгаж байх. Мөн “Шинэ санал санаачлага гаргаач би дэмжиж ажиллая” гэсэн зарчмыг баримталж ажиллаж байна. 

- Санхүү болоод ажил байдлын хувьд ямар байгууллага хүлээж авав?  Шинэчлэмээр өөрчилмөөр ямар зүйлүүд байна гэж та харж байна?

- Санхүүгийн хувьд ямар нэгэн өр төлбөргүй байгууллага хүлээж авлаа. Ажлын хувьд мэдээж хийж хэрэгжүүлмээр, анхаармаар асуудлууд байна аа. 2013 онд ашиглалтанд орсон шинэ барилгын дадлагын газар, лабораториудын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутмаг байна. Мөн хуучин сургууль маань ямар ч ашиглалтгүй байна. Ирэх жил үүндээ цэцэрлэг байгуулах, бизнес инкубатор төв байгуулах, сурагчдын хоршоогоо байрлуулах зэргээр бүрэн ашиглана гэж бодож байна. Мөн оюутны байрандаа сантехник болон барилгын заслын ажлыг хийх зайлшгүй шаардлага байгаа. За тэгээд оюутан суралцагчдынхаа төлөвшил хүмүүжил, мэргэжлийн ур чадварт анхаарах, багш ажилчдынхаа мэргэжил боловсрол, ур чадварыг улам дээшлүүлэх, дотоодын магадлан итгэмжлэлд сургуулиа оруулах, МСҮТ-өөс Политехник коллеж болгох зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр бодож байна даа.

- Багш боловсон хүчин, анги танхим, материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ хангамж танайд хэр байдаг юм бол?

- Багшлах боловсон хүчний хувьд мэдээж туршлагатай багш ч байна, залуу багш нар байна. Гол нь хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед мэдлэг, мэдээллээ тогтмол сайжруулах, үйлдвэр ажлын байр, тухайн орчин нөхцөлд нь ажиллаж, хичээлээ  үйлдвэрлэлтэйгээ холбох ажлууд чухал байна. Анги танхимын хувьд хүрэлцээтэй харин материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүний хувьд дутагдалтай тал байна аа. Бид автын дадлагын газар бүрэн тоноглогдсон бол орон нутагт чиглэсэн үйл ажиллагаа явуулж болох, гэтэл тоног төхөөрөмж байхгүй л байна.

- Танай мэргэжлийн анги төгсөгчдийн хэдэн хувь нь өнөөдөр ажлын байраар хангагдаж чадаж байна вэ? Судалгаа бий юу?

- Манайх судалгаа хариуцсан ажилтантай, 3 сар тутам төгсөгчдөөсөө мөшгих судалгаа авдаг. Энэ хичээлийн жилд 274 оюутан суралцагч төгссөн. Үүний 125 оюутан ажлын байраар хангагдаж, 24 оюутан дараагийн шатны сургуульд дэвшин суралцаж, ажил эрхлэлт 54,3 хувьтай байна.

- Аймгуудын МСҮТ-үүд дотор Хэнтий аймгийн МСҮТ хаах нь явна вэ? Байр урагшлуулах тал дээр танд бодож төлөвлөсөн олон ажлууд бий байх. Түүнээсээ хуваалцаж болох уу?

- Манай салбарт төр болон хувийн нийт 91 МСҮТ, Политехник коллеж байдаг. Манай сургууль хорин хэдээр явж байгаа. Цаашид материаллаг баазаа сайжруулах, төгсөгчдийнхөө болон багш нарынхаа ур чадварт анхаарч улс, бүсийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлэх, 17 хүлэмж, ногооны талбайгаа ашиглан хүнсний ногоо тариалж оюутны байрны хүүхдүүдийн хүнсний хэрэгцээгээ хангах, мод үржүүлгийн газар байгуулах, ойн чиглэлийн сургалт явуулах сургалт, судалгааны полигонтой болох, орон нутаг руу болон нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг санаачилж хийх зэрэг ажлуудыг төлөвлөж байна.

- Таны эрхэлсэн ажилд амжилтын дээдийг хүсье. Манай уншигчдад хандаж?

 - Баярлалаа. Иргэнийг авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд нь тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн чадамж эзэмшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, хөдөлмөрийн болон бизнес эрхлэх чадвар төлөвшүүлж ажил, амьдралд бэлтгэхэд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ