Цогтцэцийд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-12-05 13:27:33

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа.

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 3-ны өдрийн 10:06 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг дэвсгэр Таван толгой уурхайн төвөөс зүүн зүгт 10 км-т  /У-105052/00//, Ө-43053/00/// 3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Улмаар сумын төв болон Уул уурхайн компануудын үйл ажиллагааг зогсоож, 12:00-18:00 цагийн хооронд цахилгааныг хязгаарлан, ЕБС-ын дотуур байрны 82 хүүхдийг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн гэр кемпэд, Цагаан-Овоо багийн  Цэций хорооллын 11 байрны 550 өрхийн 1100 иргэнийг Уурхайчин гэр хороололд, сумын эмнэлгийн 31 өвчтөнийг ар гэрт нь нүүлгэн шилжүүлсэн юм.

Энэ сарын 3-ны өдрийн 01:48 цагаас 23:27 цагийн хооронд 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт нийт 31 удаа болсон байна.

Аймгийн Онцгой байдлын газар, Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн нийт 40 албан хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, сумын Засаг даргын энэ сарын 4-ны өдрийн а/245 тоот захирамжаар тус сумын өндөржүүлсэн бэлэн байдлыг тус өдрийн 10:00 цагт цуцалж, ард иргэдэд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа хийсэн аж.

Б.Туул

Холбоотой мэдээ