Бразил даяар 3 хоногийн гашуудал зарлалаа

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-11-30 08:41:52

ЛОНДОН./BBC/. Зорчигч тээврийн нисэх онгоц сүйрсний улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Бразил улсад 3 хоногийн гашуудал зарласныг тус улсын засгийн газар мэдэгдлээ.

Өчигдөр BAE Avro маркийн нисэх онгоц Колумб улсын баруун хойд нутаг дахь Медельин хотын нисэх онгоцны буудлаас холгүй газарт осолдон сүйрсэн байна. Онгоцонд сууж явсан хүмүүсээс таван хүн амьд гарчээ. Өмнө нь мэдээлэхдээ, 6 хүн ослоос амьд үлдсэн гэж байсан боловч нэг хүн эмнэлэгт хүргэгдэн ирснийхээ дараа нас барсан байна. Түүнээс гадна, онгоцонд 81 хүн сууж явсан гэж борлуулсан тасалбарын тоог иш татан мэдээлж байсан боловч дөрвөн зорчигч онгоцонд суугаагүй гэдэг нь тодорхой болжээ. 

Бразилын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Темер мэдэгдэл хийж, ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ.

Осол Антиокия мужийн Ла-Уньон хотын районд болжээ. Нисэх онгоцны буудлын захиргаанаас мэдээлснийг үзвэл, хөдөлгүүрт саатал гарсан тухай нисгэгчид мэдээлж байжээ. Мөн түлш багасч байгаа тухай тэд мэдээлээд, ослын буулт хийхээр төлөвлөж байсан байна.

Бразилын Сан-Паулу хотоос Колумб руу захиалгат нислэг үйлдэж байсан уг онгоцонд Бразилын хөлбөмбөгийн "Шапекоэнсе" багийн тамирчид сууж явсан бөгөөд тэд Өмнөд Америкийн цомын төлөөх шувтаргын тоглолтод Колумбын "Атлетико Насьональ" клубтэй тоглох ёстой байлаа. Түүнчлэн тоглолтыг сурвалжлахаар Бразилын 20 сэтгүүлч уг онгоцоор Колумб руу явж байжээ. 

Осол болсны дараа орон нутгийн “Дорнод Антиокиягийн мэдээ” сонинд мэдээлэхдээ, 6 хүн ослоос амьд үлдсэн тухай дурдаж байсан юм. Харин хэдэн цагийн дараа багийн хаалгач Маркос Данило Падилья эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан болохыг "Шапекоэнсе" клубын удирдлага мэдэгдсэн байна.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ