Улс тунхагласны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-26 00:19:00

Он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр юм. Энэ өдөр манай улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулжээ.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарласан. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх ыг хангаж өгсөн юм.

Анхдугаар Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын их хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг. Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 92 жил өнгөрчээ.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигдсан байна.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсан билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн бас нэг үүрэг гэж үздэг. Үндсэн хуульд "... улсын дээд эрхийг жинхэнэ ардад..." эдлүүлж, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн заажээ. Тиймдээ ч хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хууль мэндэлсэн, хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд өнөөдөр хотол олноороо тэмдэглэж байна.

Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон. Тийм учраас хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагыг даган Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг энэ жилээс эхлэн жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр УИХ-аас шийдвэрлээд буй.

Тодруулбал, УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Уг хуулийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, О.Баасанхүү, Ж.Батзандан нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн билээ.

Б.Туул

Холбоотой мэдээ