“Lufthansa”-гийн нисгэгчдийн ажил хаялтаас болж 100 мянган зорчигч хохирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-11-23 13:46:28

БЕРЛИН. /BBC/. Нисгэгч нарын ажил хаялтыг зогсоох гэж хичээж буй Германы агаарын тээврийн “Lufthansa” компани оройн 11 цагийн үед шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүнийг нь хэрэгсээгүй байна.  Үүний дараа тус компани 900 орчим нислэгээ цуцалжээ.

Цалин хөлстэй холбоотой маргаанаас үүдэлтэй хоёр өдрийн ажил хаялт орон нутгийн цагаар шөнө дунд эхэлснээр 100 мянга орчим зорчигчид ямар нэгэн байдлаар хохирч байна. Харин “Lufthansa”-гийн салбарууд болох “Eurowings”, “Swiss Airlines”, “Austrian Airlines”, “Brussels Airlines” зэрэг компаниудад энэ удаагийн ажил хаялт нөлөөлөхгүй гэж  "Люфтганза" мэдэгджээ.

“Vereinigung Cockpit” гэдэг нисгэгчдийн холбоо 2014 оны 4 дүгээр сараас хойш 14 удаа ажил хаялт зохион байгуулаад байгаа юм.

Одоо болж буй ажил хаялтыг зогсоохын тулд “Lufthansa”-гаас мягмар гарагт хоёр удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Франкфурт хотын хөдөлмөрийн маргааны шүүх уг ажил хаялтад хориг тавихыг хүссэн “Lufthansa”-ийн хүсэлтийг буцаасан бол мягмар гарагийн орой Хесс мужийн шүүх мөн адил уг хүсэлтийг хүлээж авсангүй.

“Lufthansa”-гаас мэдэгдсэнээр “эвлэрэх саналаас нисгэгчдийн холбоо байнга татгалзсаар ирсэн” гэнэ. 2012 оноос хойш тус холбоо 5400 нисгэгчдийн цалинг 3.7 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол харин “Lufthansa” 2019 он хүртэлх 6 жилийн хугацаанд 2.5 хувийн нэмэгдэл олгох хувилбарыг санал болгосон байна.

Дээрх ажил хаялтын зэрэгцээ “Lufthansa”-гийн хамгийн хямд төсөр зардалтай салбар болох “Eurowings” компанийн удирдлага  цалин хөлсний асуудлаар нисэх багийнхантай зөрчилдсөн тул мягмар гарагт 60 гаруй нислэгийг цуцлахад хүрчээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ