ИНЕГ ирэх оны хоёрдугаар сар хүртэл байнгын бэлэн байдалд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХойд Туйлын хүйтэн агаар Монголын газар нутгаар дайран өнгөрөхтэй холбоотойгоор ИНЕГ байнгын бэлэн байдалд шилжжээ.
Туйлын хүйтэн агаар энэ сарын 18-наас Монголын нутаг руу орж ирнэ. Энэ хүйтний эрч нутгийн хойд хэсгээр энэ сарын 18-нд , 20, 21, 22-нд зүүн тал болон ихэнх нутгаар түрж орох төлөвтэй байгаа. Өндөр уулстай, томоохон хөндий нутгуудад хүйтэн хургаснаас үүдэн шөнөдөө дээд тал нь 41-47 хэмд хүрч хүйтрэх юм.
ЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ оны 12 сараас ирэх жилийн нэгдүгээр сарыг дуустал төв болон зүүн аймгийн зарим газраар олон жилийн дунджаас хүйтэн байх юм. Тиймээс ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Агаарын навигацийн болон Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсүүдийн харьяа алба, салбарууд, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, байнга бэлэн ажиллах чиглэлээр албан даалгавар гаргалаа. Уг даалгаврын хүрээнд ИНЕГ-ын хэлтэс албадууд ирэх оны 2 дугаар сар хүртэл байнгын бэлэн байдалд ажиллах болжээ.
Ч.Ариунболд