Багш бэлтгэх тогтолцоо алдагдсан гэж шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-11-16 15:40:48

Архангай аймгийн Цэцэрлэг хотноо аймгийн БСУГ-ын 60 жилийн ойн арга хэмжээнд зориулсан баярын хурал болох үеэр боловсролын доктор Ц.Нацагдорж, Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн дарга асан Л.Мөнхөө, доктор М.Шагдарсүрэн нар хөндөн ярилаа.

Тэд, Боловсролын салбарт ажиллагсад хэлбэр хөөцөлдөөд агуулгаа орхисон байна. ЕБС-ийн сурагчдын сурах бичигт гадны шашны нөлөө тусгагдсан нь ажиглагдсан. Өнөөдөр, багш бэлтгэж байгаа тогтолцоо үндсэндээ алдагдлаа. Бусад их, дээд сургуульд элсэж чадаагүй сурагчид Багшийн сургуульд орж байна. Ийм байдлаар бэлтгэвэл ямар багш болох вэ? –гэдэг ч ойлгомжтой. Боловсролынхон шоу хэлбэрээс салмаар байна. Багш нар бичиг цаасаар хөөцөлдөөд хүүхэдтэйгээ тулж ажиллахгүй байгаагаас гадна хэтэрхий улс төржиж байна- гэхчлэн өнөөгийн явцыг шүүмжлэв.

Мөн аймгийн БСУГ бодлогоо зөв тодорхойлж, Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрт тусгах хэрэгтэй. Юуны түрүүнд монгол үндэстэн хүүхдийг төлөвшүүлэх ёстой. Иймийн тулд монгол бичгээр бахархаж, өргөн хэрэглэж хэвших нь зүйд нийцнэ. Үндэснийхээ бичгээр дамжиж монгол зан заншил, соёлоос суралцах шаардлагатай. Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Иймд багшлах хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарууштай. Өнөөдөр нэг л назгай урсгалаар хөвж явна. Зөв чигээ олж сэлүүрдэх цаг болсон. Хугацаа боломжийг алдах эрх бидэнд байхгүй гэлээ.

Түүнчлэн, сургуулийн захирал, цэцэрлэг соёлын төвийн эрхлэгчийг сонгон шалгаруулах тогтсон тусгай үзүүлэлт чухал. Тэдний ажлын үр дүнг тооцож, үнэлгээ өгөх хэрэгтэй. Үнэлгээнд цогц хандах нь зөв. Өнөөгийн үнэлгээ өрөөсгөл талтай. Сургуулийн удирдлага сургууль руугаа чиглэхгүй байна. Эдүгээ хүүхдүүд, захирал хичээлийн эрхлэгчийнхээ зүсийг танихгүй атлаа, гадаад орнуудын төрийн тэргүүн болон одуудыг андахгүй байгааг анхааралдаа авч, орон нутгийн мэдээллийг орхидуулж болохгүй. Орон нутаг судлал хүүхдийн хүмүүжил төлөвшилд маш чухал шүү. Ойрын үед сумд музейгээ сургууль түүхийн танхимаа сэргээе. Орон нутгаараа явган, морьтой, дугуйтай тойрон аялалыг хөгжүүлье. Багш бол гавъяатын энтэй хүмүүс. Иймд багш сурган хүмүүжүүлэгчид олон талт ажиллагаа явуулж, өөрсдийгөө нийтэд таниулж, нийгэмшихэд манлайлахыг зорьж, нийгмийн хариуцлагаа өндөржүүлж, шинэ шатанд гарч ажиллахыг ахмадууд хойч үедээ сургамжлаад, авах гээхийн ухаанаар хандахыг зөвлөв. 

Л.Булган

 

Холбоотой мэдээ