Дипломат паспорт эзэмшигчид Япон руу визгүй зорчиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-15 12:38:29

Монгол, Япон Улс хооронд дипломат паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчих хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Дипломат паспорт ашиглаж байгаа хүмүүсийг тус улсад зөвхөн албан ажлаар зорчиход визээс чөлөөлөх бөгөөд хувийн шугамаар явж байгаа бол заавал виз даруулах шаардлагатай гэдгийг ГХЯ-ны Консулын газрын Захирал Я.Ариунболд хэллээ.

Тэрбээр, “Албан ажлаар тус улсыг зорьж байгаа бол өөрийн байгууллагаас нотлох бичиг гаргуулах ёстой. Монгол Улс бусад оронтой харилцах ажлыг хөнгөвчлөх үүднээс дипломат паспорт эзэмшигчдийг албан ажлаар зорчиж буй нөхцөлд визгүй нэвтрүүлэх тухай хэлэлцээрийг 25 оронтой байгуулсан. Харамсалтай нь дипломат паспорт эзэмшигчид хувийн журмаар зорчихдоо виз аваагүйн улмаас тус улсынхаа хил дээрээс буцаж, цаг зав, мөнгөө гарздах тохиолдол байдаг. Тиймээс иргэдийг дээрх шиг алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Мөн тэрбээр гадаадад байгаа Монголчууд болон манай улсад байгаа бусад орны иргэдийн талаар мэдээлэл өглөө. Энэ оны эхний 11 сард Монголын 294 гадаадад гэмт хэрэгт холбогдсоноос 15 улсад 169 хүн ял эдэлж байна. Мөн Монголын  56 иргэн гадаадад нас барсан бөгөөд ГХЯ-наас төрөл төрөгсдөд нь мэдэгдэх, шарил, чандрыг эх оронд нь авч ирэх талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.

Харин ЦЕГ, ШШГЕГ-аас ирүүлсэн мэдээгээр Монгол Улсад гадаадын 45 иргэн гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний дотор БНХАУ-ын 23, БНСУ-ын 5, ОХУ-ын 6, АНУ-ын 5, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр 1 иргэн байгаа аж. Гэмт хэрэгт холбогдсон гадаад иргэдээс 11-ийг нь саатуулан шалгаж байгаа бол 22 иргэн ял эдэлж байна. Улс хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хадгалах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон болон нас барсан иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг Я.Ариунболд захирал хэллээ.

Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

-Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Шинэ Зеландад болсон газар хөдлөлтөд Монгол иргэд өртсөн үү?

-Газар хөдлөлтөд Монгол иргэд өртөөгүй гэдгийг Канберра дахь Элчин сайдын яамнаас мэдэгдсэн.

-БНХАУ-ын хилийн боомтоор Монгол иргэдийг нэвтрүүлэхгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Өчигдөр буюу энэ сарын 14-нд Монголын 50 гаруй УАЗ 469 автомашин, 100 гаруй иргэдийг Эрээн боомтоор нэвтрүүлэхгүй байна гэсэн гомдол ирсэн. Манай Элчин сайдын яамнаас газар дээр нь очиж ажилласан. БНХАУ-ын талаас "Монголын тээвэр хийж байгаа автомашинуудын зорчигчийн тоо, ачаагаа хэтрүүлдэг. Үүний улмаас иргэд амиа алдах эрсдэлтэй тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хилээр нэвтэрч буй автомашинуудад зорчигчийн тоо болон ачааны даацаа тохируулахыг шаардаж байгаа" гэсэн тайлбар өгсөн. Манай талаас холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж байгаа.

-Монгол иргэд БНСУ-ын хил дээрээс буцсан тохиолдол гарах болсон. Энэ талаар?

-Он гарсаар Монголын 30 иргэн БНСУ-ын хилээс буцсан. ГХЯ-наас БНСУ-ын Элчин сайдын яаманд виз олгохдоо холбогдох бичиг баримтыг нь сайн шалгаж, иргэдийг аль болох хилээс буцаахгүй байхыг анхаарах хүсэлт тавьсан. Элчин сайдын яамнаас хил дээр бичиг баримтыг нь шалгаад визны хугацааг хэтрүүлэх магадлалтай иргэдийг БНСУ-ын хуулийн дагуу буцааж байгаа гэсэн тайлбар өгсөн.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ