Байгаль хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг чангатгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-14 14:12:48

Увс аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 19 сумын байгаль хамгаалагчдын дунд уулзалт зөвлөлгөөн хийсэн байна.

Зөвлөлгөөнөөр аялал жуулчлалын загвар хөтөлбөрийг боловсруулж батлуулах, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай, дэвшилтэт техник технологи, менежмент нэвтэрсэн үйлдвэрлэлийг дэмжих, түүх соёлын өв, байгалийн нөөц экологийн ач холбогдол бүхий цогцолбор газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч одоо байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн хилийг тэлэх, уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгохгүй байх тал дээр бодлого баримтлах, ойн менежмент төлөвлөгөөг батлуулах, аймгийн хэмжээнд усны хомсдол, бохирдол, аюулаас урьдчилан сэргийлж, Увс нуур, Тэсийн гол, Хар нуур, Ховдын гол, Хяргас нуур, Завхан голын усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна. Тэрчлэн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлалтай холбоотой асуудлуудыг тусгуулах, хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа байгаль хамгаалагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар ярилцжээ.

Сумдын байгаль хамгаалагч нар ажлын байран дээрээ ажлын цагаар байдаггүй, ажлын цагаар архидан согтуурдаг, суманд болж байгаа байгаль орчинтой холбоотой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь мэдэгддэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байгаа бөгөөд үүнд аймгийн БОАЖГ-аас цаашид анхаарч, үүрэг хариуцлагыг чангатгаж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ