Алтанбулаг боомтоор нэвтрэх тээврийн урсгал 3-4 дахин нэмэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтыг өргөтгөн шинэчилснээр 1.5-2 сая зорчигч, 600-800 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой болжээ. Өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан юм.
Энэ бүтээн байгуулалт нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр
олон улсын түншлэлийг ашиглан (Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл)
хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж байгаа бодит жишээ болж байгаа бөгөөд Ерөнхий
сайд Г.Занданшатар Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн
байгуулалтын нээлтэд оролцлоо.
Тэрбээр нээлтийн үеэр
хэлэхдээ, “Монгол Улс Евроазийн 183 сая хүн, 2.4 их наяд ам.долларын зах зээлд нэвтрэх, экспортын
төрлийг нэмж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг
гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал
хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Алтанбулаг боомтод 14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30 мянган м.кв доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулав. Мөн 7.8 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген, лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад оруулснаас гадна зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, 6000 м.кв ногоон байгууламж барьж байгуулжээ.