Путин Сирийн хямралыг Асадын талд зохицуулах зорилготой

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-12 11:28:45

МОСКВА. /NHK/. Ерөнхийлөгч Башар аль-Асадын ялалтаар Сирийн иргэний дайныг төгсгөхөд туслахын тулд агаарын цохилтыг үргэлжлүүлж, шаардлагатай бол хамгийн сүүлийн үеийн зэвсэг ашиглана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Сирийн хууль ёсны Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, улс төрийн буулт хийх нөхцөлүүдийг бүрдүүлэх зорилго тавьсан гэж Путин ОХУ-ын телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Каспийн тэнгис дэх флотоос харвасан далавчит пуужингийн талаар түүнээс асуухад тэрбээр, дэвшилтэт зэвсгийн нөөц болон тэдгээрийг ажиллуулах чадварлаг боловсон хүчин ОХУ-д бий. Эдгээр зэвсгийг ОХУ-ын үндэсний эрхийн ашгийн төлөө гэсэн зорилгоор бол бид ашиглаж болно гэж мэдэгдэв.

Сири дэх хуурай замын цэргийн ажиллагаанд ОХУ оролцож болзошгүйг Путин үгүйсгээгүй юм.

Сирийн армийн кампанит ажил ирээдүйд яаж өрнөхөөс шалтгаалж ОХУ-ын агаарын цохилтын цаашдын ажиллагаа явах болно гэж тэрбээр мэдэгджээ.

Асадын Засгийн газар Сирид хангалттай хяналт тогтоох хүртэл ОХУ агаарын цохилтоо үргэлжлүүлэх зорилготой байгааг Путин энэ ярилцлагаараа илэрхийлжээ. Асадыг огцруулах гэсэн Өрнөдийн орнуудын шаардлагыг ОХУ эсэргүүцэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ