Дорноговийн өсвөрийн бүжигчид илүүрхэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-07 15:35:22

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид агсны нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын XIII уралдаан энэ сарын 4-6-нд Сайншанд хотод боллоо.

Уралдаанд Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 10 аймаг, зургаан дүүргийн 200 гаруй өсвөрийн шилдэг бүжигчид авьяас чадвараа сорин өрсөлдөв. 6-10 нас эрэгтэй гоцлол бүжгийн төрөлд  Дорноговь аймгийн Я.Түмэн-Эрдэнэ тэргүүн байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийг  Хэнтий  аймгийн  Ц.Эрхсаран тэргүүллээ.  

Эрэгтэйчүүдийн гоцлол 11-15 насны ангилалд Дорноговь аймгийн Б.Мөнх-Отгон, эмэгтэйчүүдийг мөн л  Дорноговь аймгийн  Б.Сүндэрмаа нар  манлайлав.  Хамтлаг төрлөөр Улаанбаатар  хотын Баянзүрх дүүргийн  “Нарны цэцэгс” хамтлаг тэргүүлсэн бол хоёрдугаар байрт  Дорноговь аймгийн  “Уран дэг”, гуравдугаар байрт мөн л Дорноговь аймгийн  “Говийн уянга-Нарны хүүхдүүд” хамтлаг шалгарчээ.

Харин тусгай байрт Говьсүмбэр аймгийн “Шивээ Ганхаа-3”, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Сорхугтани” хамтлаг шалгарсан бол нэрэмжит шагналаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн “Суранжолоо”, Сэлэнгэ аймгийн “Эрдэнэс-5”  хамтлаг тус тус шагнуулав.

Ирээдүйн шилдэг бүжигчдийг төрүүлэн гаргах, хүүхэд багачуудыг бүжгэнд дуртай болгох, дэлхийд танигдсан  мэргэжлийн  бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг  хойч үедээ өвлүүлэх зорилгоор зохиогддог энэ удаагийн тэмцээнд Дорноговийн өсвөрийн бүжигчид  илүүрхэж  гоцлол төрлөөр хоёр  тэргүүн байр, 3 дэд байр, гурав, дөрөвдүгээр байр тус бүр нэг, хамтлаг төрлөөр хоёр, гуравдугаар байрт шалгарч бусдыгаа манлайлжээ.

Тэмцээнийг МУГЖ, бүжиг дэглээч, ХБК-ийн бүжгийн ангийн багш Ц.Алтангэрэл, МУГЖ, бүжиг дэглээч, УДБЭЧ-ын дасгалжуулагч багш Ш.Одонтуяа, МУГЖ, бүжиг дэглээч, УДБЭЧ-ын дасгалжуулагч багш А.Даваахүү нар  шүүсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ