Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд Герман, Португалын багууд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-04 12:56:29

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 4 /TASS/. Үндэстнүүдийн лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Герман, Португалын шигшээ багууд Мюнхений алдарт “Альянц Арена” цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдөнө. 


Германы шигшээ баг A3 хэсгээс тэмцээнийг эхлүүлсэн бөгөөд зургаан тоглолтоос 14 оноо авч хэсгээсээ шалгарчээ. Германчууд хэсэгтээ Нидерланд (9 оноо), Унгар (6 оноо), Босни-Херцеговин (2 оноо) улсуудын шигшээ багуудтай учраа таарсан байна. Португалын шигшээ баг A2 хэсэгт мөн 14 оноо авсан бөгөөд тус хэсэгт Хорват (8 оноо), Шотланд (7 оноо), Польш (4 оноо) багууд тогложээ. Шөвгийн наймын тоглолтод Германы баг Италийн шигшээ багтай 3:3 харьцаагаар хайнцсан бөгөөд эхний тоглолтод 2:1-ээр хожсон тул хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хагас шигшээд шалгарсан байна. Португалчууд эхний тоглолтод Данийн шигшээд 0:1-ээр хожигдсон ч, хариу тоглолтод нэмэлт цагт 5:2-оор хожжээ. 


Португалын шигшээ багт багийн ахлагч, дээд амжилтын эзэн өдгөө 40 настай Криштиану Роналду тэргүүтэй хамгийн хүчтэй тоглогчид бүгд дуудагдсан байна. Харин Германы багт бэртлийн улмаас хамгаалагч Нико Шлоттербек, Антонио Рюдигер, Беньямин Хенрикс, хагас хамгаалагч Жамал Мусиала, довтлогчид болох Жонатан Буркардт, Тин Кляйндинст, Кай Хаверц нар тоглох боломжгүй болжээ.


Герман, Португалын багууд хамгийн сүүлд 2021 оны Европын аваргын шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд учраа таарч байсан бөгөөд Германы баг 4:2-оор хожиж байв.

Холбоотой мэдээ